Иргэн Г.Загдаа, болон түүний эхнэр Г.Амарсайхан нарт холбогдох шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өмнө нь болж, шүүгдэгч Г.Амарсайхан, Г.Загдаа нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан эхлэхийн өмнө шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогчид хохирол төлбөр төлөх тав хоногийн завсарлага авах санал гаргаж, шүүх хуралдааныг 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийнг хүртэл хойшлуулсан байдаг.
Тэгвэл шүүхээс өнөөдөр /2020.11.17/ Г.Загдаад 6.2 жил, түүний эхнэр Г.Амарсайханд нэг жилийн хорих ял оноож шийдвэрлэсэн байна.
Хэргийг эргэн сануулахад, Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Загдаад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3 /гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх/, 2.6 /хоёр, түүнээс олон хүнийг хүчиндэх/ дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн/, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 /Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн/, 11.6 дугаар зүйлийн 2 /Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол/ дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Амарсайханг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн/ дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.