Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3-ыг үндэслэн коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор буюу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгалаа.
Нийслэл Улаанбаатар хотод хөл хорио тогтоосонтой холбоотойгоор хөдөө орон нутгаар ирсэн иргэд орон нутагруугаа буцах асуудлыг байнга тавьж байна. Харин Засгийн газар, УОК-оос халдварын тархалтыг хумих асуудал нэн тэргүүнд тавигдаж байгаа учраас эдгээр иргэдийг тэвчээртэй байх хэрэгтэй байна гэдгийг учирласаар байна.
Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар өчигдөр /2020.11.15/ Засгийн газрын мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулах үедээ тодорхой хэлсэн байдаг.
Тэрбээр “Улаанбаатар хотод ирээд хөл хорионд орсон, гэр орон руугаа явах гэсэн иргэд их байна. Өвчин хэлж биш хийсч ирж байгаа учраас зохицуулах асуудал дээр хүндрэл гарч байна. Зөвхөн зохион байгуулалттайгаар ирж, хурал зөвлөгөөнд суусан 500 гаруй хүн байна. Энэ хүмүүс хурал зөвлөгөө нь дуусаад хөл хорионд байна. Үүнээс гадна эмнэлэгт үзүүлээд буцах гэж байгаа иргэд гацсан байна. Тиймээс ард иргэдийг уужуу хандаарай гэж хүсмээр байна.
Учир нь батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлыг эцэслэн тогтоож хараахан амжаагүй байна. Эхний шинжилгээгээр илэрсэн хүмүүсийн ойрын болон дам хавьтлыг бүрэн тогтоосон. Харин давтан шинжилгээгээр илрэхээр тэр хүмүүсийн хавьтлыг тогтоох ажил дахин эхэлж байгаа. Сэлэнгэ, Улаанбаатар хоёрт нийт 12 тохиолдол байгаа. Энэ хүмүүсийн ойрын хавьтлын 255, дам хавьтлын 5000 шахуу хүн байна. Нэр ус бүгдийг нь олчихсон. Гэхдээ шинэ тохиолдол гарахаар дахин ойрын болон дам хавьтал гараад байгаа учраас хөдөөнөөс ирсэн иргэдийг орон нутгууд руу явуулах боломжгүй байна.
Иргэдийг Улаанбаатараас гаргачихдаг гэтэл халдвар илэрсэн хүмүүсийн хавьтал болсон хүмүүс аймгууд руу явчихвал яах вэ. Тэгэхээр хөл хорио тогтоох шаардлага үүснэ. Тиймээс ойрын болон дам хавьтлын иргэдээ шинжилгээнд хамруулж, халдварын тархалтыг хумиж дууссаны дараа хөдөө орон нутгаас ирсэн иргэдээ гаргах асуудлыг хэлэлцэнэ” гэсэн юм.
Энэхүү мэдээллийн дараахан УИХ-ын гишүүн С.Бямбацогт өөрийн цахим хуудсандаа “Миний ээжээс авахуулаад Орон нутгаас ирээд УБ-т гацсан гарах хүсэлтэй иргэдийн анхааралд. Засгийн газар хөл хориог 14 хоногоор сунгах шийдвэр гаргалаа. Орон нутгаас ирээд гацсан иргэдийн тухайд ирэх 7 хоногийн 3 дахь хүртэл нөхцөл байдлаа харна гэж байна. Нөхцөл байдал гайгүй байвал тусгай нарийн дэглэмийн хүрээнд 1 удаа гаргах ажлыг 3 дахь өдрөөс хойш зохион байгуулахаар болсон байна. Ойлгож хүлээцтэй байхыг хүсэж байна” хэмээсэн бичсэн байна. Мөн МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ч гэсэн пост оруулсан байгаа юм.
Шадар сайдын мэдээллээр бол хөдөө орон нутгаас ирсэн иргэдийг нутаг буцаах асуудалд тодорхой цаг хугацаатай амлалт өгөөгүй. Гэвч УИХ-ын гишүүн ийнхүү цахим хуудснаа бичсэн мэдээлэл нь иргэдэд горьдлого үүсгэж, ойлгомжгүй байдлыг бий болгож байна.
Учир нь УИХ-ын гишүүний постыг баталгаатай эх сурвалж гэж харж байгаа. Тэгэхээр ийм хариуцлагатай албан тушаалтнууд, энэ хариуцлагатай цаг мөчид иргэдэд горьдлого үүсгэх, хоёрдмол утга бүхий мэдээллийг тал талаасаа ийнхүү мэдээлэх нь иргэдийн сэтгэл зүйд асар муу нөлөөтэй, стресс үүсгэх аюултай гэдгийг хаана хаанаа ойлгож, мэдээлэлд нягт, няхуур хандмаар байна.
Ямартай ч УОК-ын даргын шуурхай хуралдаанаас үнэн худал нь мэдэгдэхгүй дээрх мэдээлэлд тодорхой хариулт өгөх байх.
Н.ЦЭНДБАТ