Билгийн тооллын Өвлийн тэргүүн сарын шинийн 1-н, Их эзэн Чингис хааны мэндэлсний 858 жилийн ой, Монгол бахархлын өдөр өнөөдөр буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 16-нд тохиож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны Нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн хэмээн тогтоон, уг өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон юм. Үүнээс хойш жил бүр энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлсээр 8 дахь жилдээ золгож байна.
2012 оноос хойш тэмдэглэж ирсэн өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу “Монгол бахархлын өдөр”:
2012 он: 11 сарын 14
2013 он: 11 сарын 4
2014 он: 11 сарын 23
2015 он: 11 сарын 12
2016 он: 10 сарын 31
2017 он: 11 сарын 19
2018 он: 11 сарын 8
2019 он: 11 сарын 27
2020 он: 11 сарын 16
2021 он: 11 сарын 5
2022 он: 11 сарын 24 тохиож байна.
Энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан хүмүүсийг ”Чингис хаан“ одонгоор шагнадаг уламжлалтай. 2005 оноос “Чингисийн одон”-г олгож эхэлсэн бөгөөд 2007, 2008, 2018 онуудад олгохгүй алгасаж байжээ.
Хамгийн сүүлд буюу өнгөрсөн жил “Чингис хаан” одонг The Hu хамтлаг хүртэж байсан түүхтэй
Монгол бахархлын өдрөөр Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, чансаа өндөр хүчит бөхийн барилдаан болдог. Гэвч энэ жилийн хувьд Монгол Улсад коронавирусний цар тахал дотооддоо голомтлон гараад байгаатай холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комиссоос улс орны хэмжээнд байгалийн гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарлаад байна. Иймд өнөөдөр Монгол бахархлын өдөрт зориулсан аливаа ёслол хүндэтгэл, үндэсний бөхийн барилдаан, соёл урлагийн арга хэмжээнүүд зохиогдохгүй юм.
Сонирхуулахад Монголын түүхэнд тод томоор тэмдэглэгдэг үлдсэн хаан, хатны нэрийг манайхан хүүхдүүдэд өгөх нь түгээмэл байдаг.
Энэ ч үүднээс их хааны бага залуу үеийн Тэмүжин нэрийг:
2010-2015 онд жилд 300-400 хүнд,
2016-2019 онд жилд 200-300 хүнд,
2020 оны эхний 11 сарын байдлаар 131 хүнд Тэмүжин нэр өгсөн.
Харин Чингис нэрийг:
2010-2015 онд жилд 400-550 хүнд,
2016-2019 онд жилд 569 628 хүнд,
2020 оны эхний 11 сарын байдлаар 21 хүнд хайрласан байна.
2009 – 2020 он хүртэл нийт 641 хүнд аав ээж нь Чингис хэмээх нэрийг хайрласан байна.
Л.Баяр