Өчигдөр Засгийн газраас хөл хорионы хугацааг 14 хоногоор сунгах шийд гаргасан. Харин эл өдрүүдэд ажиллаж байгаа цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдынхаа ажлын ачааллыг бууруулах үүднээс өнөө өглөөнөөс эхлэн 8 цагаар ээлж солилцож байхаар зохицуулалт хийжээ.
– Тээврийн цагдаагийн алба хаагчид маань улсын хэмжээнд 515 хяналтын цэгт хөдөлгөөний зохицуулалт хийж байна. Улаанбаатар хотын хэмжээнд хяналтын цэгт ажиллаж буй алба хаагчдын ачааллыг бууруулах үүднээс ДХИС-ийн төгсөх дамжааны оюутнуудыг нэмэлтээр ажиллуулах шийдвэр гаргаж, ажлынх нь ачааллыг тодорхой хэмжээнд буурууллаа.
– Харин Онцгой нөхцөлд ажиллаж байгаа цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад 800.000 мянган төгрөг, нэмэлтээр ажиллаж буй ДХИС-ийн сонсогчдод хөдөлмөрийн хэмжээний доод хэмжээгээр буюу 420.000 мянган төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэх шийд гарсныг дуулгахад таатай байна.
– Түүнчлэн хөл хорио тогтоосон өдрүүдэд гэр бүлийн хүчирхийллийн дуудлагын тоо өсөж байна уу, нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг иргэд их асууж байна. Өнгөрсөн хоёр өдрийн байдлаар энэ төрлийн дуудлага ердийн үеийнхээс хоёр дахин буурсан. Энэ нь архи согтууруулах ундаа худалдаалахыг хориглосонтой холбоотой гэж үзэж байгаа.
– Та бүхэн маань мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг дагаж, гэртээ байснаар мэргэжлийн байгууллагынханд ажлаа хийх боломжийг нь олгож, энэ цар тахлын үеийн тархалтыг түргэн хугацаанд намжаах боломжтой юм.