УИХ-ын чуулганы өнөөдөр /2017.06.09/-ийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Р.Гончигдорж, Н.Чинбат, Д.Зүмбэрэллхам, Ж.Дашдорж нар нэрээ дэвшүүлж, зөвлөгөөний үеэр Ц.Сарантуяагийн нэрийг шүүгч санал болгожээ. Тэдгээрээс Д.Зүмбэрэллхам албан бичгээр нэрээ татаж, санал хураалтад Р.Гончигдорж, Н.Чинбат, Ж.Дашдорж, Ц.Сарантуяа нар өрсөлдсөнөөс Н.Чинбат нь Улсын Дээд шүүхийн шүүгчдийн олонхийн буюу 78.2 хувийн санал авсан тул Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлж, Улсын Их Хуралд санал болгохоор тогтсон байна.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Н.Чинбат нь МУИС төгссөн хуульч, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй. МУИС-д хууль зүйн багш, Хууль зүйн тэнхмийн орлогч эрхлэгч, Улсын Дээд шүүхийн орлогч дарга, Иргэний хэрэг эрхэлсэн шүүх коллегийн дарга, Улсын Их Хурлын даргын Хуулийн бодлогын зөвлөх, Үндсэн хуулийн цэцийн орон тооны бус гишүүнээр ажиллаж байсан. Одоо Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөхөөр ажилладаг юм байна.
Улсын Дээд шүүхийн санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Даваасүрэн, Г.Занданшатар, Н.Цэрэнбат, Я.Содбаатар, Г.Тэмүүлэн нар үг хэлж, нэр дэвшигч Н.Чинбатыг дэмжиж буйгаа илэрхийллээ. Гишүүд хууль зүйн салбарт олон жил ажилласан, төрийн ажлын арвин туршлагатай, ноён нуруутай хуульч учраас дэмжиж буйгаа илэрхийлээд асуудалд голч шударга, зарчимчаар хандаж, Үндсэн хуульдаа үнэнч ажиллахыг захиж байв. Намжилын Чинбатыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох санал хураалт явуулахад УИХ-ын гишүүдийн 93.9 хувь нь дэмжсэн юм.