Эмэгтэйчүүдийн оролцоо бүтээгдэхүүн хөгжүүлэлт, ашиг орлого олоход үнэлэхүйц түлхэц болж байна.

Цахиурын хөндий амжилтаас илүү бүтэлгүйтлийг сайшаадаг. Өмнөө том зорилго тавьж, бүх зүйл нуран унасан ч бууж өгөлгүй тэмц. Гэвч тэдний засаж залруулж чадаагүй нэг алдаа бол эмэгтэйчүүд. Одоогийн байдлаар компаниуд эмэгтэй удирдлагатай болсондоо баярлаж, инженер болон удирдах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо нэг оронтой тоогоор дээш мацаж буй. Энэ харьцаа 50/50 болохыг харах өдөр хүртэл хэдэн арван жил орох нь лавтай. Байж боломжгүй.

Эмэгтэйчүүд хүн амын тал хувийг эзлээд зогсохгүй худалдан авагчдын 70-80 хувийг дангаар бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, ашиг орлогоо нэмэгдүүлье гэвэл бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд эмэгтэйчүүдийн оролцоо зайлшгүй шаардлагатай байна.

Үүнийг олж харсан цөөн хэдэн самбаатай бизнес эрхлэгч бий. Хэн хүнгүй өрсөлдөхүйц давуу тал олж авахаар тэмцэж байгаа энэ цаг үед сүүлийн 30 жилд “гар хүрээгүй” гэж болмоор хүн амын энэ бүлэгт элбэг дэлбэг ур чадварын нөөц, үнэ цэнэ бүхий санал санаачилга бийг технологийн салбарын удирдагчид ухаарчээ. Эмэгтэйчүүдийн оролцоо бүхий шинэ бизнес, ажлын байрны соёлоос сурах хэд хэдэн зүйл байна.

2016 оны хавар буюу Твиттер гэх том тогооноос гараад 10 сар болж байхад нь би Дик Костолотой гудамжинд таарсан юм. Chorus гэх хувийн дасгалжуулалтын апп зохиосон нь түүний 20 жилийн туршид байгуулсан дөрөв дэх компани байв. Мань эр үүндээ ахиад нэг эмэгтэй инженер авчихсан ёстой л “толгой нь эргэчихэв үү” гэлтэй явж байлаа. Шинэхэн компаниа байгуулсан эхний өдрөөсөө л Костоло багаа аль болох эмэгтэй боловсон хүчнээр бүрдүүлнэ, хэдий хэр хугацаа орох нь хамаагүй гэж шийджээ.

Тэрбээр “20 инженерийн хоёр нь эмэгтэй байхад л нэгэнт өнгөрч байгаа нь тэр, залруулах арга байхгүй. Компаниудын боловсон хүчний 90 хувь нь эрэгтэйчүүд байгаад асуудлын угшил оршиж байгаа юм. Ийм байхад байдал дордоно уу гэхээс дээрдэхгүй.” гэлээ.

Костологийн дараагаар Twitter компанийн CEO-гоор эргэн томилогдсон Жек Дорси ч мөн Square нэртэй өөрийн компанид эмэгтэй боловсон хүчин авч ажиллуулахын тулд шинэ шинэлэг шийдэл, алхмууд авч хэрэгжүүлсээр байна.

Тухайлбал, ажилд орсон эмэгтэй инженерүүдийг олон дундах “хар хонь” болгочихгүйн тулд эмэгтэй инженертэй багуудад томилдог аж. Учир нь гэвэл найрсаг харилцаа үүсгэх, импостерын синдромын үзэгдлээс сэргийлэх (Impostor синдром гэдэг нь 1978 онд клиник сэтгэл судлаач Паулин Клэнс, С Suzanne Imes нарын үүсгэсэн нэр томъёо бөгөөд ололт амжилтыг таньж мэдэхийн төлөө тэмцэж буй өндөр түвшний хүмүүсийг тайлбарлахад хэрэглэгддэг. Тэд хөдөлмөр, хүчин чармайлтынхаа үндсэнд амжилтад хүрэх боловч гадаад байдал, нийгмийн бүлгээсээ болж давуу тал эдэлсэн байх вий хэмээн эмээх үзэгдэл юм.)

Боловсон хүчний нөөцөд эмэгтэй инженерийн тоо хязгаарлагдмал учир зарим баг бүрэлдэхүүн дан эрчүүдээс бүрдсэн хэвээр байна. Дорси үүнийг нэг төрлийн туршилт хэмээн харж буй. Энэ зуур Square компани удирдах түвшин дэх эмэгтэй ажилтнуудынхаа тоог нэмж эхэлжээ. Ноён Дорси “Эмэгтэйчүүдийн оролцоог нэмээд зогсохгүй шийдвэр гаргах түвшинд хүртэл дэмжих ёстой” хэмээв.

Төлөвлөгөөний дараагийн хэсэг бол их товч бөгөөд тодорхой. Эмэгтэйчүүдийг ажилд аваад эхэлбэл тэд татагдаж эхлэх болно. Eventbrite компанийг үүсгэн байгуулагч Жулиа Хартц компанидаа хүйсийн тэнцвэртэй байдлыг 50/50 хувиар хангаж чадсан бөгөөд үүний тулд ямар нэг арга, төлөвлөгөө боловсруулаагүй аж. Ердөө л тус компанийн удирдах албан тушаалд эмэгтэйчүүд байсанд ийм нөхцөл байдал үүсжээ.

Эдгээр бизнес эрхлэгч компьютерийн мэргэжилтнүүд биш, энгийн хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн бүтээж байгаа. Иймд компьютерээс өөр зүйл мэддэггүй, IBM болон бусад компанийн 1960 болон 1970 онд хайж байсан “хүмүүстэй ойр харилцах дургүй”, “зожиг” мэргэжилтнээр багаа бүрдүүлэх нь бизнес эрхлэгчдийн туйлын зорилго болох хэрэглэгчдийн хүсэмжлэх бүтээгдэхүүн хийхийн эсрэг үйлдэл болж байна.

Цахиурын хөндийн компаниудад технологийн ур чадвартайгаас гадна хүний зан чанар, харилцааны онцлог болон сонголт хийх онцлог зэргийг мэддэг ажиллах хүчин хэрэгцээтэй. Учир нь гэвэл энэ мэт шинэ шинэлэг, дэвшилтэт технологийг хүчин чадлаар нь ашиглахын тулд олон талын өнцгөөс хардаг, олон төрлийн “өнгө зүсмийн” боловсон хүчнээр багаа бүрдүүлэх нь хамгийн хялбар арга юм.

 

“Хүндлэлд хүйс хамааралгүй” аяны хүрээнд орчуулав.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн