Тээврийн жолооч болон түүний гэр бүлийнхнээс халдвар илэрснээр Монгол дотооддоо халдвар тархсан улсын тоонд ороод байна. Коронавирусийн халдварыг дотооддоо алдсан гэх мэдээлэл нь нийгмийн сэтгэл зүйд айдас, түгшүүрийг бий болгож, иргэд хүнс нөөцлөх, маск, ариутгалын бодис худалдан авах хэрэгцээг гэнэт бий болгож, зарим зах худалдааны төвд ачаалал өгч, хүнсний зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөл болох нөхцөлийг бий болгосон юм.
Гэхдээ төр засгийн байгууллагын бэлэн байдал энэ бүх эрсдэлийг даван гарахад маш чухал үүрэг гүйцэтгэлээ.
ШӨХТГ энэ сарын 11-ны буюу өчигдөр өглөөнөөс эхлэн зах худалдааны төвүүд, үнийн хөөрөгдөл бий болгож болзошгүй газруудад хяналт тавьж, шаардлага хүргүүлсэн. Шаардлага биелүүлээгүй, үнийн хөөрөгдлийг зохиомлоор бий болгосон хоёр ч газарт арга хэмжээ авч, үүнийгээ олон нийтэд шуурхай мэдээлсэн юм. Тэдний энэхүү шуурхай арга хэмжээ хүнсний зохиомол хомсдол үүсэх, үнийн хөөрөгдөл бий болох нөхцөлийг таслан зогсоож чадлаа.
Тодотгон хэлэхэд ШӨХТГ-аас шуурхай арга хэмжээ авч, ажилласны хүчинд нийслэлд үнийн хөөрөгдөл үүсэх нөхцөлийг таслан зогсоолоо. Харин хөдөө орон нутагт үнийн хөөрөгдөл үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллаж чадахгүй байгаа нь харамсалтай.
Нийслэлийн хэмжээнд ч ажиллах боловсон хүчний дутагдалтай байгаа уг газар орон нутагт ямар ч арга хэмжээ авч чадахгүй байна. Хэдийгээр аймгуудын Засаг дарга нар захирамж гарсан ч хуулийн дагуу хариуцлага тооцох эрх бүхий албан тушаалтан байдаггүй байна.
Хэрэглэгч, аж ахуйн нэгжийн эрх ашиг, шударга өрсөлдөөнийг хянах, зохицуулах чухал үүргийг гүйцэтгэдэг ШӨХТГ-ын боловсон хүчнийг нэмэгдүүлэх, ажиллах боломжийг нээх шаардлага байгааг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилсэн өдрүүдийн үйл явц харууллаа.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Улсын хэмжээнд ажиллах чиг үүрэгтэй ч ердөө 36 албан хаагчидтай. Үүнээс 22 албан хаагч нь Улсын байцаагчийн эрхтэй. Жилийн төсөв нь 800 сая төгрөг байдаг байна.
Тэгэхээр энэ газрын хүчин чадал, төсөв мөнгө Улаанбаатар хотын хэмжээнд ч хүрч ажиллаж чадамж сул байгаа нь харуулж байна. ШӨХТГ нь зарим үед ОБЕГ, ЦЕГ, МХЕГ-уудаас хүч нэмэгдүүлэг ч тэр болгон дээрх байгууллагуудаас хүч нэмэгдүүлээд, дайчлаад байх боломжгүй байдаг байна.
Одоогийн байдлаар ШӨХТГ-аас Орхон аймагт нэг Улсын байцаагч ажиллаж байгаа аж. Гэвч энэ тоо аймгийн хэмжээнд чамлалттай. Бусад аймагт ШӨХТГ-ын бүрэн эрхт төлөөлөгч огт байдаггүй байна.
Тэгэхээр засгийн газар ТӨҮГ-ын дарга нарын тансаглалд зориулагдаж байгаа хэдэн зуун сая, тэрбумаараа яригдаж байгаа төсвийг олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллаж байгаа төрийн байгууллага руугаа хуваарилж, боловсон хүчнийг шийдэх, чадамжийг нь нэмэх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна.
Н.БАТАА