МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
“Монгол Улс 2020 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр хилээ хааснаас хойш өнөөдрийг хүртэл дэлхий нийтээр тархсан цар тахлыг дотооддоо алдалгүй амжилттай барьж ажилласан.
Харамсалтай нь Оросын Холбооны Улсаас хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж ирсэн жолооч хорио цээрийн дэглэмийн дор 21 хоноод гарсан ч гэсэн түүнээс коронавируст халдвар илэрч, гэр бүлийнх нь хүнд халдварласан хүндрэлтэй нөхцөл байдал үүслээ. Нөхцөл байдал хүндэрвэл бид хорио цээрийн дэглэмийг сунгаж ажиллах нөхцөл байдал үүсэхийг ард иргэддээ урьдчилан сануулъя.
Ард иргэд үймж болохгүй тайван байж, бие биедээ хариуцлагатай хандаж, ахуйн ариун цэврийг сайтар хангах ёстой. Хүнсний байдлыг Засгийн газар урьдаас төлөвлөн ажиллаж байсан учраас манай улс хүнсний хомсдолд орохгүй.
Үүнд ард иргэд битгий санаа зовоорой. Дэлгүүр хоршоо, зах зээлээр явж, бараа бүтээгдэхүүнийг бөөнөөр нь худалдаж авах шаардлагагүй. Урьдын, хэвийн байдлаар бараа бүтээгдэхүүнээ авах ёстой. Хүнсний хангамжийг Засгийн газар урьдчилаад хийсэн байгаа учраас зохиомол хомсдол битгий үүсгээрэй гэдгийг хэлье” гэлээ.