Монгол Улсад олуул орж ирэн мөнгө угаасан, цахим сүлжээ ашиглан бусдыг залилсан гэх хэрэгт холбогдсон БНХАУ-ын хоёр дахь бүлгийнхний гэм буруутай, эсэхийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж буй талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ.
Өмнөд хөршийн иргэн Шу Хуйхуан, Еэ Чинхуй, Хуан Яаошэнг, Хуан Шинбин, Лиан Жүфэнг, Нарсу нарт НПГ-аас Эрүүгийн хуулийн 18.6-3 дахь хэсэгт заасан мөнгө угаасан, 17.3-3.3 дахь хэсгийн эд хөрөнгө залилсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн хэргийг дээрх шүүх гурван өдөр хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаав. Ингэхдээ биелүүлэх боломжгүй үндэслэл дурдсан гэдгийг хэргийг оролцогч хэд хэдэн хүн мэдээллээ. Тодруулбал, өнгөрсөн оны аравдугаар сард БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн 800 гаруй хүний дунд багтан эх орондоо буцсан нэг хүнийг авчирч, тайлбар мэд үүлэг авах, шүүхэд дуудан ирүүлэхийг даалгасан аж.
“Энэ бол биелүүлэх боломжгүй даалгавар юм. Аль ч улс өөрийн харьяат иргэнээ гадаад улсын шүүхээр шийтгүүлэхээр шилжүүлэн өгдөггүй, татгалзах эрхтэй байдгийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг, Б.Мөнх-Эрдэнэ, З.Болдбаатар нар уг нь сайтар мэдэж буй. Хэрэв анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзвэл БНХАУ-аас тухайн иргэнийг нь авчирч чадахгүй байсаар уг хэрэг хаагдаж, Монгол Улсыг мөнгө угаах, залилан мэхлэх гэмт хэргийн талбараа болгосон хятадууд ял завшиж болзошгүй” гэж зарим хуульч үзэж байв.
Г.РАВЖАА