Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах, иргэдийн хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Бүх нийтийн хөгжмийн баяр 2020”-ийг зохион байгуулах ажлын хүрээнд төлөвлөгдсөн Хөгжмийн шүүмж – судлалыг дэмжих үйл ажиллагаанд Монгол Улсын Консерваториас Соёл урлагийн их сургуультай хамтран “Орчин цагийн Монголын хөгжмийн зохиолчдын бүтээл – шүүмж судлал 2020” эрдэм шинжилгээний хурлыг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү эрдэм шинжилгээний хурал Монголын хөгжмийн зохиолчдын зохиол бүтээлийг мэргэжлийн төвшинд тодорхойлоход судлаач шүүмжлэгчдийн идэвхийг өрнүүлэх, идэвхжүүлэх мэргэжлийн хөгжмийн бүтээлийн орчин цагийн чиг хандлага, уран бүтээлийн чанар, төвшин, гүйцэтгэл, үр дүн, ач холбогдлыг судлан гаргах, шилдэг судлаач, шүүмжлэгчийг тодруулан урамшуулах зорилготой байлаа.
Тус эрдэм шинжилгээний хуралд их дээд сургууль, судалгааны хүрээлэн, мэргэжлийн урлагийн байгууллагын урлаг судлаачид, багш нар хамрагдав.
Эрдэм шинжилгээний хурлыг нээж МУК-ийн захирал, МУУГЗ, профессор Ц.Пүрэвхүү, Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн, ЗГХА Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нар үг хэллээ.
“Орчин цагийн монголын хөгжмийн зохиолчдын бүтээл – шүүмж судлал 2020” эрдэм шинжилгээний хуралд дараах илтгэлүүдийг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Үүнд:
– “Хөгжмийн зохиолч Ж.Энхбаярын “Ретро сюит”-ийн зохиомжийн онцлог” /МУК, ХУДС, Хөгжмийн ухааны тэнхимийн багш, докторант Ш.Батбаяр /
– “Хөгжмийн зохиолч Цэн. Эрдэнэбатын 2-р Симфоний хэлбэр бүтэц, зохиомжийн судалгаа” /СУИС, ХУС, Онолын тэнхимийн эрхлэгч, доктор Э.Зулцэцэг/
– “Хуучрын шинэ концерт дахь таван эгшигт хөгийн тогтолцоо” /МУК, ХУДС, Хөгжмийн ухааны тэнхимийн эрхлэгч, хүндэт профессор Ч.Энхбат/
– “Монголы Улсын залуу хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнцийн Төгөлдөр хуур чавхдаст найрал хөгжмийн Уран сэтгэмж зохиолын тухай шүүмж” /МУК-ийн зөвлөх профессор, доктор Л.Эрдэнэчимэг/
– “Д.Ариунболдын ардын бишгүүр симфони найрал хөгжимд зориулсан концертын тухайд” /СУИС, ХУС, Онолын тэнхимийн багш, докторант А.Ариунаа/
– “Лимбэ симфони найрал хөгжимд зориулсан концер Ц.Пүрэвхүү “Хань” дууны тухай бодол” /Хөгжим судлаач, багш М.Мөнгөнсүх/
Соёлын яам