Хятадын Хубэй муж ӨМӨЗО руу монголчуудын бэлэгэлсэн хонийг авахаар 10 чингэлэг илгээсэн тухай Синьхуа агентлаг мэдээлжээ.
40 футын хөлдөөгч чингэлгээр тоноглосон ачааны машин хөдөлсөн байна. Нэг машинд нь 1200 хонины гулууз багтах хүчин чадалтай. Эдгээр машиныг Wuhan Asia-Europe Logistics компани гаргажээ. Хуваарь ёсоор эдгээр машин өнөөдөр Эрээн хотод ирнэ.
COVID-19 өвчинтэй тэмцэхэд Хятадад дэмжлэг болгон Монголоос хандивласан хонины эхний 4000 нь аравдугаар сарын 22-нд хоёр улсын хилийн ойролцоох Эрээн хотод ирсэн юм. Халдвар хамгаалалын зорилгоор тээврийн хэрэгсэл, чингэлгүүдийг хонио ачаалахаас 7 хоногийн өмнө халдваргүйжүүлж, бүх жолооч, холбогдох хүмүүст нь нуклеин хүчлийн шинжилгээ хийжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хоёрдугаар сард Хятадад ид тахлын үеэр айлчилж, 30 мянган хонь бэлэглэхээ амласан юм. Хоёр талын хэлэлцээрийн дагуу хонийг арваннэгдүгээр сарын дунд үе хүртэл Эрээнд хүргэж, тэндээ боловсруулаад Хубэй рүү илгээх юм.
Монгол Улс тавдугаар сарын сүүлчээр Орост хүмүүнлэгийн тусламж болгон 1 сая долларын мах, махан бүтээгдэхүүн илгээнэ гэж амласан. Мах, махан бүтээгдэхүүнийг Эрхүү муж, Буриадад нийлүүлэх ёстой байсан ч энэ тусламжийг барааг нийлүүлсэн тухай мэдээлэл гараагүй юм.