Халдвар илэрсэн хоёр иргэнтэй ойрын хавьтлын 24 иргэний шинжилгээний хариу хоёр цагийн дараа гарна
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Ковид-19 халдвар аваад байгаа жолооч аравдугаар сарын 14-нд Сэлэнгэ аймагт шинжилгээ өгч, хариу сөрөг гарсан учраас “энхсаран” сувилалд тусгаарлалтад орж, 21 хоногийн дараа гарсан. Уг иргэнд эхнэрийнх нь хамт 11 сарын 10-нд шинжилгээ хийхэд хоёуланд халдвар илэрсэн.
ХӨСҮТ-ийн тандалтын алба, эрүүл мэндийн яамны ажилчид ойрын 24 хавьтагчийг тогтоогоод тусгаарлаж, шинжилгээг эхлүүлсэн байгаа. Хоёр цагийн дараа эхний шинжилгээний хариу гарна. Дотооддоо гарч болзолгүй эрсдэлийг тооцоолж, бүхий л бэлэн байдлыг хангасан байна.
Ард иргэд үүргээ ухамсарлаж халдвараас сэргийлж, амны хаалт зүүж, гараа угааж, зай барих хэрэгтэй байна. Үүнийг дэлхий нийт нотолсон. Тиймээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг мөрдөөрэй.
Яаралтай биш бол эрүүл мэндийн байгууллагыг битгий зориорой. Зөвлөгөө авах тохиолдолд 119 дугаарт хандаж болно” гэв.
Н.БАТАА