Тусгаарлалтын 21 хоногийн хугацаагаа дуусгаад гарсан 29 настай, эрэгтэй олон улсын автотээврийн жолооч болон түүний эхнэрээс коронавирусийн халдвар илрээд байна.
Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэл өгөхдөө “Шинжилгээгээр эхнэр, нөхөр хоёроос коронавирус илэрсэн. Бид гадаадаас ирсэн ачаа тээврийн жолооч нар болон иргэдийг 21 хоног тусгаарлаж байгаа. 21 хоногийн тусгаарлалтын дараа гэрт нь 14 хоног тусгаарладаг журамтай байсан. Энэ журам өөрчлөгдөж, зөвхөн 21 хоног тусгаарлалтад байлгадаг дэглэмийг мөрдөж байна. Энэ хүн нь тусгаарлалтаас гэртээ гарсан байсан.
Халдвар авсан хоёр хүн өчигдрөөс эхлээд ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж байна. “Энхсаран” сувилалд байхдаа энэ хүний ойролцоо байсан хүнд коронавирус илэрсэн юм.
Эхний байдлаар тандалт судалгаа хийхэд тухайн хүн UB паласт тоглолт үзэхдээ хамгийн арын суудалд суусан байна. Иймд тухайн газарт байсан 2000 хүн халдвар авсан байх магадлал маш бага. Бид 1.5-2 метрийн зайтай байсан хүмүүсийг тандан судалж байгаа ба ойрын хавьтал болох 23 хүнээс шинжилгээ авч тусгаарлаж байна.
Тиймээс тухайн өдөр UB паласт тоглолт үзсэн хүмүүс айж, сандрах хэрэггүй. Харин гэртээ өөрийгөө тусгаарлан дархлаагаа дэмжин, амны хаалтаа байнга зүүж, гараа сайн угааж, содтой усаар ам хамраа зайлж угаагаад өөрийгөө ажиглах хэрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл 119, 100, 80086829 утсаар зөвлөгөө авч болно. Аль болох утсаар зөвлөгөө аваад гадуур явах шаардлагагүй, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх шаардлагагүй” гэлээ.