Өнгөрсөн бямба гарагт Улсын онцгой комисс хуралдаж, иргэд амны хаалт зүүх шаардлагатайн дээр үйлчилгээний болон албан байгууллага, нийтийн тээвэр, спорт арга хэмжээ, боловсролын байгууллагуудад заавал амны хаалт зүүх, ариутгалын ажил хийх шаардлага тавьж байгааг мэдээлсэн.
Тэгвэл амны хаалтгүй иргэдэд 50 мянган төгрөгийн торгууль, амны хаалтгүй иргэнд үйлчилж байгаа байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах болохыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээллээ.
Амны хаалт зүүх шаардлага тавиагүй, гар угаах, зай барих нөхцөлөөр хангаагүй аж ахуйн нэгжүүдийг хууль тогтоомжийн дагуу шат дараатай хариуцлага тооцох юм байна.
Гэхдээ юун түрүүнд торгохгүй бөгөөд сануулах, зөвлөх, анхааруулах арга хэмжээг шат дараатай авсны дараа ахин зөрчил гаргавал Цар тахлын тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуулиар арга хэмжээ авах юм байна.
Мөн шинэ жилийн баяр тэмдэглэсэн болон тухайн үйл ажиллагааг зохион байгуулж буй газарт давхар хариуцлага тооцно гэдгийг МХЕГ-аас мэдээллээ.