Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Я.Содбаатар тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр цар тахлын хүнд үед хамгийн эхний “шүүлтүүр” болон ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллалаа.
Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх: “Нэгэн үе энэ байгууллагыг удирдаж байсан хүний хувьд би та нөхдийн жаргал зовлонг сайн мэднэ. Шалгуулж байгаа, алдаа гаргасан хүн түүнийгээ хүлээх дургүй байдаг. Гэсэн ч та бүхэн мэргэжлийн бай, муу хэлэгдэхээс бүү ай.
Дижитал шилжилт зэрэг шинэтгэлийн ажлууд эхлүүлж байгаад талархаж байна. Төр байгаа цагт хяналт шалгалт байна. Та бүхнийг хуулиас дээгүүр гишгэх гэсэнтэй нь хариуцлага тооцож чаддаг, хичээж яваад нь зөвлөн туслах анд нөхөр нь болж чаддаг, хатуу зөөлөн аргыг хавсран хэрэглэдэг байгууллага байгаасай гэж хүсэж байна” гээд ковидын халдварыг дотооддоо алдахгүй байх, агаарын бохирдлыг бууруулахад онцгой анхаарал хандуулж ажиллахыг, цар тахлын хүнд үед аж ахуйн нэгж байгууллагуудыг хуулийн хүрээнд дэмжин ажиллах бодлого баримтлахыг үүрэг болголоо.
Өнөөдрийн байдлаар МХЕГ, 21 аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, байнгын үйл ажиллагаатай 26 хилийн боомт, 16 гүний терминалд 26 хяналтын чиглэлийн 2200 улсын байцаагч 105 хууль, 4400 стандартын хэрэгжилтийг хангуулан ажиллаж байгаа юм.
Мэргэжлийн хяналтын байгууллагын алба хаагчид 2020 оны нэгдүгээр сарын 06-аас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд улсын хилээр нэвтэрсэн 330 гаруй мянган тээврийн хэрэгсэл, 500 орчим мянган зорчигчид хяналт, эрүүл мэндийн тандалтыг хийж, 21353 зорчигчийг тусгаарлах байранд шилжүүлэн, халдварын сэжигтэй 100 орчим гадаадын иргэнийг холбогдох байгууллагатай хамтран тухайн орон руу нь буцаажээ.
Түүнчлэн Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2019-2020 онд агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмыг зөрчсөн 109 зөрчлийг илрүүлэн, 716 тонн түүхий нүүрсийг журамласан байна.