Америкийн сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байдены гэргий Жилл Ерөнхийлөгчийн засаглалын 231 жилийн түүхэнд тэргүүн хатагтай нарын мөрдөж байсан хэвшсэн уламжлалыг эвдэх бодолтой байна.
Өдгөө 69 настай хатагтай Байден Цагаан ордонд нөхөртэйгөө амьдрангаа карьераа үргэлжлүүлж, цалинтай ажлаа хийсээр байх бодолтой байгаа гэж USA Today хэвлэлд бичжээ.
Жилл Байден англи хэл заадаг профессор юм байна. тэрбээр нөхрийгөө дэд ерөнхийлөгч байх үед өөрөө Америкийн “хоёр дахь тэргүүн хатагтай” хэр нь Хойд Виржинийн нийтийн коллежид 8 жилийн турш багшилж байжээ.
“Багшлах бол миний хийдэг зүйл биш юм аа. Энэ бол миний хэн бэ гэдгийг харуулдаг зүйл” хэмээн Байден өгүүлжээ. Тиймээс Цагаан ордонд нүүж ирсэн ч ажлаа үргэлжлүүлэхээ амласан байна. “Америкчууд түүхэндээ л тэргүүн хатагтай нараа Цагаан ордонд Ерөнхийлөгчийнхөө дэргэд үргэлж байлгахыг хүсэж ирсэн. Магадгүй америкчууд Ерөнхийлөгчийн гэргий тэргүүн хатагтайнхаа үүргийн хажуугаар мэргэжлээрээ ажилладаг санааг хүлээн авах цаг үе хэзээ нэгтээ ирнэ” хэмээн Охайо их сургуулийн профессор, түүх судлаач Кэтрин Желлисон мэдэгджээ.
Үүнээс өмнө АНУ-ын 32 дахь Ерөнхийлөгч Франклин Делано Рузвельтийн гэргий Элеонора Рузвельт л тэргүүн хатагтайн үүргээ ажилтайгаа хослуулах гэж оролдсон удаатай. Гэвч хоёр дахин ачааллыг тэсвэрлэхгүй нь гэдгээ ойлгосон юм.
Жо, Жилл нар 1977 оны зургадугаар сарын 17-нд гэрлэжээ. Жилл нөхрөөрөө 5 удаа гуйлгаж байж, гэрлэх саналыг нь зөвшөөрсөн гэдэг. Тэдний дундаас 1 охин төрсөн бөгөөд өдгөө 39 настай, Эшли хэмээх нэртэй.
Жилл бол Байдены хоёр дахь эхнэр юм. Америкийн ирээдүйн төрийн тэргүүний анхны эхнэр, багш Нелия 1972 онд ойтой охинтойгоо хамт автомашины ослоор өөд болж, Бо, Хантер хэмээх хоёр хүү нь хүнд гэмтэж үлдсэн юм. 2015 онд Бо нь тархины хавдраар өөд болжээ.
Орчуулагч: Марта
Эх сурвалж: World.fakty.ua