Женев хотноо 2020 оны арванэгдүгээр сарын 2-13-ны өдөр болж буй НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлыг хянан хэлэлцэх ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR)-ийн Ажлын хэсгийн 36 дугаар чуулганаар дүгээр сарын 4-ний өдөр Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын үндэсний гуравдугаар илтгэлийг хэлэлцэв.
Энэхүү хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржоор ахлуулсан Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Зам тээврийн хөгжлийн яам, Уул уурхай, хөнгөн үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Эрчим хүчний яам, Жендерийн үндэсний хороо, УЕПГ, ЦЕГ, ШШГЕГ, ЭМДЕГ, ХӨСҮТ, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар зэрэг байгууллагын төлөөлөгчид оролцож, гишүүн улсуудаас тавьсан асуултад хариулж, мэдээлэл өглөө.
Энэ удаагийн хэлэлцүүлгийн үеэр НҮБ-ын гишүүн 71 улсын төлөөлөл санал, асуулт тавьж, нийгмийн эмзэг бүлэг, тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, амьдралын чанарыг дээшлүүлэх, боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, гэр бүлийн болон жендэрт суурилсан хүчирхийлэл, ялгаварлан гадуурхах, хүн худалдаалахтай тус тус тэмцэх, хохирогчдын эрх ашгийг хамгаалах, хүн амын эрүүл мэндийг сайжруулах, жендэрийн тэгш байдлыг бэхжүүлэх, байгаль орчны доройтлоос үүдэлтэй хүний эрхийн зөрчлийг бууруулах, хүний эрхийг хамгаалагчдын эрх зүйн байдлыг баталгаажуулах, ХЭҮК болон эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмын мандатыг бэхжүүлэх, дотоодын хууль тогтоомжийг холбогдох олон улсын гэрээнд нийцүүлэх, НҮБ-ын Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмыг хэрэгжүүлэх үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө батлах, хүний эрхийн олон улсын гэрээний байгууллага, хороодоос өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх, тайлагнах механизм бий болгох зэрэг олон асуудлаар нийт 190 зөвлөмж өгөв.
Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний гуравдугаар илтгэлийг хэлэлцсэн тухай UPR-ийн Ажлын хэсгийн тайлангийн “Зөвлөмж”-ийн хэсгийг арваннэгдүгээр сарын 6-ны өдөр баталлаа.
Ажлын хэсгийн эцсийн тайланг ирэх 2021 оны гуравдугаар сард болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 46 дугаар чуулганаар хэлэлцэн батлах бөгөөд мөн үеэр манай улс бусад улсаас өгсөн зөвлөмжүүдийн талаарх байр сууриа илэрхийлэх юм.
Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR – Universal Periodic Review) нь НҮБ-ын гишүүн 193 орны хүний эрхийн төлөв байдлыг 4, 5 жил тутам дүгнэн хэлэлцдэг механизм юм.
Монгол Улс хүний эрхийн төлөв байдлын талаарх анхдугаар илтгэлээ 2010 оны арваннэгдүгээр сард, хоёрдугаар илтгэлээ 2015 оны тавдугаар сард тус тус хэлэлцүүлсэн билээ.
Гадаад Харилцааны Яам