Шадар сайд Я.Содбаатар “БНХАУ-аас ажиллах хүч оруулж ирж байгаатай холбоотой ташаа мэдээлэл сүүлийн үед сошиал орчинд их явж байна. Монгол Улс гаднаас ажиллах хүчин оруулж ирдэг тусгай хуультай, зөвшөөрөл өгдөг тусгай журамтай. Төрийн хяналтад байгаа. Хяналтгүйгээр хэн нэгэн хүнийг шөнийн цагаар оруулаагүй. Бид бүхэн Засгийн газар дээрээ ярьж байгаад хуульд байсан квотоос маш бага тооны инженер, техникийн ажилчдыг оруулж ирсэн.

Олон аж ахуй нэгжийн ажил, улс орны бүтээн байгуулалтын олон ажил зогссон. Олон Улсад зарлагдсан тендерт шалгарсан удирдах албан тушаалтнууд орж ирж байж, техник технологийн нарийн мэргэжлийн хүмүүс орж ирж байж, бүтээн байгуулалтын зарим ажлууд явна. Үүнийг Монголын ард түмэн ойлгож байгаа.

Цэвэрлэх байгууламжийг барьж, ашиглалтад оруулах, эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулмаар байна. Энэ бүх бүтээн байгуулалт дээр гаднын ажиллах хүч оруулах, технологийн суурилуулалт хийх шаардлагатай байгаа юм. Монголчууд үнэндээ чадахгүй байна. Хууль хүчний байгууллагын хяналт доор ажиллах хүч оруулж ирэх ажлыг зохион байгуулсан.

Засгийн газар 11 сарын 6-наас ажиллах хүчний хөдөлгөөнийг түр зогсоосон. Өмнө нь зохион байгуулалттайгаар оруулж ирснийг өчигдөр орж ирсэн мэтээр фэйсбүүкт олон нийтэд мэдээлж, ард иргэдийг төөрөгдүүлж байна. Улс төрийн зорилготойгоор мэдээллийг гуйвуулж, худал мэдээлэл түгээж байгаа хүмүүст хариуцлага тооцно.

БНХАУ-аас хараа хяналтгүй хүмүүс оруулж ирж байгаа асуудал байхгүй. Одоо улсын төсвийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийж байгаа аж ахуй нэгж болон хувийн компаниуд техник технологийн асуудлаар гаднаас боловсон хүчин оруулж ирж байгаа бол түүнийгээ өөрсдөө олон нийтэд ил тод мэдээлэх шаардлагатай байна. Төрийнхөн л Хятадаас ажилчид зөөгөөд байгаа мэт ташаа мэдээллийг олон нийтэд зохион байгуулалттайгаар хүргэж байна” гэлээ.

Н.БАТАА

By updown

One thought on “Хятад иргэдтэй холбоотой улс төрийн зорилготой ташаа мэдээлэл, түгээж байгаа хүмүүст хариуцлага тооцно”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн