УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймгийн Удирдах албан тушаалтнуудтай хариуцлага, ёс зүйн харилцааны ойлголцлын санамж бичиг байгуулж байгаа тухай мэдээллийг цахим хуудсандаа хуваалцлаа.
Тэрбээр “Миний бие орон нутгийн сонгуулийн үр дүнд сонгогдсон болон шинээр томилогдож буй Ховд аймгийн удирдах албан тушаалтнуудад хандаж ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ байгуулж, түүнийгээ ягштал баримталж ажиллах чиглэл өгч байна.
Олон нийтээс авсан саналыг багцалж тусгасны үндсэн дээр боловсруулсан энэхүү САНАМЖ БИЧИГ-т заасан доорх 12 зарчмыг удирдлага болгож чадвал иргэдийнхээ итгэлийг дааж, хариуцлагатай, ёс зүйтэй ажиллаж чадна гэдэгт итгэж байна.
1-рт Төр түмнийхээ төлөө гэсэн чин сэтгэлтэй байж, нутгийн иргэд сонгогчдод бүрэн хүлээн зөвшөөрөгдөж, авлига, ашиг сонирхлын гэмт хэрэгт холбогдохгүй, нэр цэвэр ажиллах,
2-рт Мөрийн хөтөлбөрийнхөө зүйл заалт бүрийг хэрэгжүүлэхийн төлөө хичээн зүтгэж, хэрэгжилтийг нь хагас жил тутам иргэдэд ил тод тайлагнаж, асуудлыг ач холбогдолоор нь эрэмбэлж ард иргэдээсээ асууж шийдвэрлэдэг, ажлаа дүгнүүлдэг байх.
3-рт Ард түмнийхээ амьдралын гүнд орж, уулзалтууд хийж, тулгамдсан асуудлыг хөндөж, түүнийг шийдвэрлэх гарц шийдлээ холбогдох газарт хүргүүлж, ажил хэрэг болгохын төлөө бодитой хүчин чармайлт гаргаж ажиллах,
4-рт Төрийн хуулийг ягштал хэрэгжүүлж, Ховд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, стандартыг чанд мөрдүүлж, ард иргэдээ агаар хөрсний бохирдолгүй, аюулгүй, ая тухтай, эрүүл, эко орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай, мэдрэмжтэй, хурдтай ажиллах.
5-рт Аймаг орон нутагт зарлагдаж буй бүх тендер, худалдан авах ажиллагааг олон нийтийн өмнө ил тод, шударга зохион байгуулж хэвших, тэдгээрт ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй байхад онцгой анхаарах,
6-рт Төрийн албан хаагчдыг нутгархаж намчирхдаггүй, өндөр мэдлэг боловсролтой, харилцааны соёлтой болгон төлөвшүүлж төрийн үйлчилгээний бүх шатанд ёс зүй, дэг журмыг ягштал мөрдүүлэх.
7-рт Ард иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг хуулийн хүрээнд хурдан шуурхай шийдвэрлэдэг, хэрхэн шийдвэрлэсэн талаар заавал эргэж хариу өгдөг, хагас жил тутамд ил тод мэдээлдэг байх.
8-рт ШИНЭ ХОВД-ын шийдвэрлэх төслүүдийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллах.
9-рт Хувийн сахилга батыг чанд баримтлан, иргэд, сонгогчдын итгэлийг алдахгүйн тулд өндөр ёс зүйтэй, харилцааны болоод хувийн зохион байгуулалтын хувьд алдаа гаргахгүй ажиллах.
10-рт Иргэд, олон нийт, намын журмын нөхдөөс гарсан шүүмжлэлийг өөр дээрээ бодитоор хүлээн авч, дайсагнахын төлөө бус өөрийн алдааг засахын төлөө санаачилгатай ажиллах.
11-рт Төрийн алба, тэр дундаа боловсрол, эрүүл мэндийн салбарын удирдлагыг чадавхжуулах, үйл ажиллагааг сайжруулахын тулд сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулах
12-рт Аливаа ажил, албан тушаалд иргэд орж томилогдохдоо авлига өгдөг, авдаг бусармаг байдлыг эрс таслан зогсоож, баримт нотолгоотой мэдээлэгдсэн буюу буруутай албан тушаалтанд хуулийн хариуцлага тооцдог, хууль хяналтын байгууллагад шуурхай шилжүүлдэг байх зарчмыг удирдлага болгох.” гэжээ.