Хүнсний аюулгүй байдлын зөвлөл энэ долоо хоногт хуралдана. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан бямба гарагт хуралдсан Улсын онцгой комиссын хуралдааны дараа мэдэгдсэн юм.
Тэрбээр ” Бид бүхэн ер нь онцгой байдал үүсвэл яах вэ гэдгийг судалж байна. Учир нь ОХУ энэ жил улаан буудайн ургацаа хангалттай авсан ч Европын холбооны улсууд өөрөө ургацаа алдчихсан байна.
Ер нь ОХУ-аас улаан буудай импортолдог бүх улс ургацаа алдчихсан байдалтай байгаа учир ОХУ ирэх оноос эхлэн улаан буудайн экспортдоо квот тогтоож магадгүй гэх мэдээлэл байна.
Тиймээс бид онцгой нөхцөл байдал үүсвэл ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ гэдэг үүднээс ирэх долоо хоногт Хүнсний аюулгүй байдлын зөвлөлд хүнсний нөөц бүрдүүлэлттэй холбоотой асуудлаар тусгай төлөвлөгөөг танилцуулахаар ажиллаж байна.
Гэхдээ одоогийн нөхцөл байдлаар манай улсад хүнсний нөөц хангалттай хэмжээнд байгааг дахин хэлье” гэв.