Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах нэр дэвшигчийг танилцууллаа.

Нэр дэвшигч Цэндийн Цогт нь 1975 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. 45 настай, эрэгтэй, ам бүл 2. 1983-1993 онд Архангай аймгийн 2 дугаар 10 жилийн дунд сургууль, 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйн бакалавр, 2007 онд АНУ-ын хууль зүйн Уилламетте их сургуулийн Хууль зүйн коллежийг хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй төгссөн. 2017 онд Япон Улсын Нагояагийн их сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй, хуульч цолтой. Тэрбээр 1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар, 1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслахаар, 2004-2011 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр, 2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр, 2013 оноос одоог хүртэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

Нэр дэвшигч Ц.Цогт нь шүүгчээр 16 жил, давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 9 жил ажилласан. Мөн 2000-2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд цагийн багш, 2007-2016 онд тавин хувийн багш, 2018-2019 онд цагийн багш, 2019 оны 09 дүгээр сараас Нийтийн эрх зүйн тэнхимийн гэрээт дэд профессороор тус тус ажиллаж байгаа гэв.

Нэр дэвшигч Ц.Цогт нь Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхийн мэргэжлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 88.64 оноо авчээ.

Танилцуулгатай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: 10-15 жил ажилласан хүмүүсийг Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшүүлэх шаардлага тавимаар байна. Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчид тавигдах шаардлагыг Үндсэн хуульд оруулж өгөх хэрэгтэй. Ц.Цогт нэр дэвшигчийн хувьд 15 жил шүүгчээр ажиллаж байсан туршлагатай хүн. Шаардлага хангаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Анхан ба давах шатны шүүхийн шийдвэр Дээд шүүх дээр ирээд унадаг. Тайлбаргүйгээр хүчингүй болдог. Сүхбаатар аймагт таван шүүгчид нөлөөлж шийдвэрийг өөрчилсөн. Шүүгч яагаад тайлбар хэлдэггүй вэ. Нөлөөнд автахгүй байж чадах уу.

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Ц.Цогт: Би шүүхэд 22 жил ажиллаж байна. 16 жил шүүгчээр ажиллаж байна. Шүүгчийн хувьд би бие даагаад хэний ч хараанд орохгүй 16 жил ажилласан. Цаашид ч хараат бус байж чадна. Шүүгчийн ёс зүйн хуулийн дагуу тодорхой хэрэг дээр бусад шүүгчийнхээ шийдвэр дээр тайлбар хэлэх эрхгүй байдаг. Тиймээс тухайн хэргийг шийдвэрлэсэн шүүгчийн шийдвэрт би ямар нэгэн тайлбар хэлэх боломжгүй.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Улс төрөөс хараат бус шүүхийн тогтолцоотой байх гэж бид сүүлийн хэдэн жилийн турш тэмцэж байна. Бид нар шүүгчдийг хараат бус байлгахын тулд цалингийн нэмж үзлээ. Өнөөдөр хамгийн өндөр буюу 6 сая төгрөгийн цалинг шүүгчид авч байна. Шүүгчид авлигын хэрэгт холбогдож байна. Шүүгч хүн шоронд амиа хорлосон. Үндсэн хуулиар шүүгчийн хараат бус байдлын тухай заалтад өөрчлөлт оруулсан. Харамсалтай нь бэх нь хатаагүй байгаа Үндсэн хуулиар Монгол Улсын шүүгчид улс төрөөс хараат болж чадахгүй байна.

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Ц.Цогт: Хараат бус шүүхтэй байж чадаагүй гэдгийг хүлээн зөвшөөрөх үү гэдэгт институцийн хувьд бид бүрэн бие даасан шүүхтэй болж чадаагүй. Олон шүүгч нар институцийн алдаанаас үл хамааран олон шүүгч нар хараат бус ажиллаж байгаа. Олон улсын байгууллагын судалгаагаар шүүхийн тогтолцоо нь хараат болсон 120 жагсаалтад орж байгаа нь үнэн. Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг байгууллагын улс төрийн институцээс хамааралтай болгосон энэ жагсаалт доошлоход хүргэсэн.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхчимэг: Монголын ардчиллыг хойш нь татдаг салбар бол шүүх засаглал. Шүүх засаглал улс төрөөс хараат бус байх ёстой. Улс төрөөс гадна шүүгч шүүгчээсээ хараат бус байх ёстой. Дээд шүүгчийн ерөнхий шүүгч давж заалдах шатны ерөнхий шүүгчийн хувийг хэрхэн зохицуулах вэ. Шүүгч шүүгчид нөлөөлөх байдлыг хэрхэн зогсоох вэ. Шүүхийн багц хууль дээр та ямар байр суурьтай байгаа вэ. Дэлхийн ихэнх улс оронд дээд шүүгчийн томилгоо бүх насаар нь явагддаг. Манайд ийм боломж байгаа юу.

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Ц.Цогт: Шүүх улс төрийн байгууллагатай ор тас харилцаагүй байх боломжгүй. Таны хөндөж ярьж байгаа ерөнхий шүүгчтэй холбоотой асуудлыг Шүүхийн тухай хуулиар тодорхой хэмжээгээр хязгаарлаж өгсөн. Улам боловсронгуй болгох шаардлага байгаа. Нөлөөллийн асуудлыг хорихын тулд нөлөөллийн мэдүүлэг гэдгийг нэвтрүүлсэн. Шүүгч нар нөлөөллийн мэдүүлгийг хэр үнэнчээр гаргаж байгаа гэдэг дээр судалгаа хийгдэж байна. Манай улсад шүүгч нар тэтгэврийн нас хүртэл томилогддог.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Улсын дээд шүүхийн шүүгчид хоёр хүнийг нэр дэвшүүлсэн. Бид маш хатуу хандсан. Ашиг сонирхлын зөрчил орж ирж болзошгүй учир нэг хүнийг нь дэмжээгүй. Ц.Цогт нэр дэвшигчийг дэмжиж байна. Монгол Улсад шударга ёсны цангалт байна. Иймээс дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчид нэр цэвэр байх ёстой.

Б.ИРЭЭДҮЙ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн