Иргэнээ хохироохгүйн тулд сэтгэл санаа, эд эрхтэн, амь насыг “үнэлдэг” жишиг олон улсад аль хэдийнэ тогтсон. Бусдын болон хууль шүүхийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж зовж шаналсан, сэтгэл санаа тайван бус болсноос аз жаргалгүй болсон. Мөн эд эрхтэнээрээ тахир дутуу болж хөдөлмөрийн чадвар, амь насаа алдахад мөнгөн дүнгээр хохирол барагдуулдаг эрх зүйн орчин, туршлага бүрдсэн байдаг. Тэр бүү хэл зарим улс оронд ёс суртахууны шинжтэй эдийн бус хохирлыг нөхөн барагдуулах тогтолцоо бүрджээ. Хохирогчийн сэтгэл санааны хохирлыг төлөх хөрөнгө буруутай этгээдэд байхгүй бол улсын төсвөөс гаргадаг. Ихэнх улс оронд сэтгэл санааны нөхөн төлбөр олгох улсын тусгай сан байдаг бөгөөд хөрөнгийг улсын төсвөөс санхүүжүүлдэг жишиг бий.
Улс орнуудад сэтгэл санааны хохирлыг тодорхойлох хүснэгтэн аргачлалаас гадна шүүгчийн итгэл үнэмшлээр шийдвэрлэх практик ч бий. Тэр дунд ОХУ-ын Эрделевскийн хүснэгтийг бусад улс орон загвар болгон ашиглах тохиолдол бий. Эрделевскийн хүснэгтэд D=d*fv*i*c*(1-fs) буюу D -Сэтгэл санааны хохирлын нийт дүн, d – Сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөрийн хэмжээ, fv-Гэмт этгээдийн үйлдсэн гэм хорын хэмжээ. Гэм хор нь 0-ээс их нэгээс бага байх бөгөөд i-хүвь хүний онцлог, c-анхаарч үзвэл зохих нөхцөл байдал, fs – хохирогчийн гэм буруутай байдлыг харгалзан үздэг байна.
Европын улс орнуудад сэтгэл санааны хохирлыг олгохдоо насны ангилал, хөдөлмөрийн чадвараа алдсан хувь, гоо сайхнаараа хохирсон эсэх, хөл, гар, тархины гэмтлийг нарийн харгалзан үзэж мөнгөн төлбөр өгдөг. Тухайлбал, Бельгид нүүрэндээ эдгэшгүй сорви авсан 16 настай хүүхдэд 18600 евро, Гааг дахь шүүхээс баруун нүдээ алдаж, хоёр жилийн турш ажиллах боломжгүй болж, хөдөлмөрийн чадвараа 15 хувь алдсан хүнд 20 мянган еврогийн нөхөн төлбөр, хөлөө гурван см тайруулж, 4, 12, 14 см-ын сорви авч, хичээл сургуулиа хойшлуулсан эмэгтэйд 14500 еврогийн нөхөн төлбөрийг олгожээ.
Гэтэл манай улсад өнөөг хүртэл эдийн бус буюу сэтгэл санааны гэм хорыг хэрхэн нөхөн төлүүлэхийг хуульд тодорхой зааж өгөөгүй. Сэтгэл санааны гэм хорыг тусгайлан авч үздэггүй нь амь нас, эрүүл мэндээрээ хохирсон, хилс хэргээр шийтгэгдсэн иргэд хохирч үлдэж байгаа юм. Цөөн тохиолдолд сэтгэл санааны хохирлыг нэхэмжилдэг ч шүүхээс нотлох баримтгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгодог. Өөрөөр хэлбэл, манай өнөөгийн практикаар бол иргэн зовж шаналснаа шүүхийн өмнө нотлохоос өөр гарц шийдэлгүй байна. Тиймээс сэтгэл санааны хохирлыг төлдөг бусад улс орны жишгийг хүргэж байна.
Европын ихэнх орон хохирлыг нөхөн төлөх хоёр аргыг хэрэглэж байна. Зарим улс тодорхой өгөгдлийн бүдүүвч ашиглах буюу “нөхөн төлбөрийн хүснэгттэй улсууд” гэж нэрлэж болно. Мөн шүүгчийн үзэмжээр эрх зүйн практик дээр тулгуурлан хохирлыг барагдуулж байна. “Нөхөн төлбөрийн хүснэгттэй улсууд”-д Испани, Франц, Бельги, Итали, Чех багтдаг бол Герман, Швейцарь, Австри, Голланд, Польш “жишгийн эрх зүйт улсууд” юм.
ОХУ
-Сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөрийг шүүхийн журмаар олгохдоо буруутай этгээдээс нэхэмжилдэг. Эдийн бус хохирлыг нөхөн төлүүлэхэд Иргэний, Хөдөлмөрийн тухай хууль болон Эрделевскийн хүснэгтийг ашиглаж байна. Буруутай этгээдэд нөхөн төлбөр олгох хангалттай хөрөнгө байхгүй бол улсын төсвөөс олгодог. Нөхөн төлбөр олгох улсын сангийн хөрөнгийг улсын төсвөөс санхүүжүүлдэг. Жил бүр энэхүү сангийн санхүүжилтийг ОХУ-ын Засгийн газраас баталж өгдөг бөгөөд Улсын төсвийн тухай хуулиар зохицуулдаг.
Украин
-Украин улсад Эрделевскийн хүснэгтийг Украин улсын шүүх үйл ажиллагаанд удирлага болгох талаар Дээд шүүхээс захирамж гаргаж шүүхийн практикт ашигладаг байна. Хохирлыг ОХУ-тай адил буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг байна.
Литва
-Литва улсын Хүчирхийллийн шинжтэй гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай хуульд нөхөн төлбөрийн дээд хэмжээг тогтоосон байна. Хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд нөхөн төлбөр олгох хангалттай хөрөнгө байхгүй бол улсын төсвөөс хариуцна. Хүчирхийллийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах сан нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд харьяалагдаж тусгай хөтөлбөрөөр санхүүждэг.
– гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол 15600 лита буюу 4518 евро
-ноцтой гэмтэл учруулсан эсвэл бэлгийн сэдэлтэй холбоотой гэмт хэргийн улмаас учирсан хохирол 13000 лита буюу 3765 евро
-ноцтой гэмтэл учруулсан бол 10400 лита буюу 3012 евро
Бельги
-Эрүүгийн болон иргэний журмаар хохирол нөхөн төлүүлэх боломж нээлттэй бөгөөд хохирогч нэхэмжлэхийг өөрөө сонгох эрхтэй. Нийтийн сангаас эдийн бус хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжилж болно. Жишээ нь, амьдралаас таашаал авах боломжоо алдсаны хохирол, бэлгийн харилцааны хэм алдагдсаны хохирол, сэтгэл санааны тайван бус байдалд оруулсны хохиролыг эдийн бус гэм хорын хэлбэрээр тооцож барагдуулдаг.
-Хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсаны нэг өдрийн 25 евро
-Хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсаны нэг өдрийн 13 евро
-Нэмэлт өвдөлт, шаналал зовиурт мөн нөхөн төлбөр өгнө.
Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хохирогчийг насны байдлаар нь ангилдаг.
-10 ба түүнээс доош настай хүнд 3300 евро
-35 ба түүнээс доош настай хүнд 2425 евро
-64 ба түүнээс доош настай хүнд 1410 евро.
Гоо сайхны хохирлыг 1-7 хүртэлх түвшингээр үнэлнэ.
-1-р түвшин 250-750 евро
-4-р түвшин 2250-8700 евро
-5-р түвшин 8700 евро ба түүнээс дээш
-7-р түвшин 24800 евро ба түүнээс дээш
ХБНГУ болон Голланд
-Германд өвчин шаналал, гэмтэл учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх нь хоёр зорилготой. Нэгдүгээрт, нийгмийн амьдралд оролцох, аз жаргалтай байх боломжоо өвчин шаналлаас болж алдсан хүмүүст чиглэдэг бол хоёрдугаарт, гэмтэл нь аль хэсэгт байгаагаас хамаарч нөхөн төлбөрийн хэмжээ ялгаатай.
Голландад
-гадаад гэмтэл /хөдөлмөрийн чадвараа алдсан 1 долоо хоногт/ 100-500 евро
-тархи хөдлөх / хөдөлмөрийн чадвараа алдсан 1 долоо хоногт / 300-1000 евро
-хүндрэлгүй эмчлэгдэх боломжтойгоор нэг гар хугарсан бол 600-2000 евро
-хүндрэлгүй эмчлэгдэх боломжтойгоор нэг хөл хугарсан бол 1250-3500 евро
-өвдөгнөөс доошхи нэг хөлөө алдсан бол 15000-20000 евро
-нүд хараагүй бол нэг нүдэнд 15000-25000 евро
-нуруу сээрний гэмтлээс болж саажилт үүссэн бол 50000-аас дээш евро
Германд
-гар хугарсан бол 1000-12500 евро
-хөл хугарсан бол 2500-12500 евро
Эмнэлгийн буруугаас сохорсон бага насны хүүхдэд шүүхээс 30000 еврогийн нөхөн төлбөр олгож сар бүр 200 еврогийн тэтгэмж өгөхөөр шийдвэрлэж байв. Мөн Киэлийн тойргийн шүүхээс 3 нас 6 сартай хүүхдийн хөл нь ажиллагаагүй болж байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай болсон хохиролд 50000 евро гаргуулж, сар бүр 500 еврогийн тэтгэмж өгөхөөр шийдвэрлэсэн байна.
Австри
-Иргэний хуульд шаналал, зовиураас үүдэлтэй эдийн бус хохирлыг /Schmerzensgeld/-ыг хэрхэн төлөх талаар заасан. Бие махбодид учруулсан гэмтлийн хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэж заасан. Хохирол нөхөн төлүүлэх нь хууль ёсны эрх юм.
Дани
Гэмт хэргийн хохирогчоос мэдүүлэг авах үедээ цагдаа тухайн хохирогчийн эрхийг хамгаалах төлөөлөгч томлиуулахаар шүүхэд хүсэлт гаргах үүрэгтэй. Төлөөлөгч хохирогчид учирсан хохирлыг барагдуулах, нөхөн төлүүлэхэд туслалцаа үзүүлж ажилладаг.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс
Нөхөн төлбөрийн тухай хуулийг баталж мөрдөж байна. Санхүүгийн үйлчилгээний нөхөн төлбөрийн загварыг ашиглах ба Тусгай шүүхээр асуудлыг шийдвэрлэхээр заасан. Нөхөн төлбөрт зориулсан Нэгдсэн санд хуримтлал үүсгэх хувь хэмжээг тусгайлан заасан.
АНУ
-11 муж нөхөн төлбөрийн дээд хэмжээний тухай хууль гаргасан (энгийн хохирлын хэмжээг 1-5 дахин ихэсгэх), зарим муж 300,000-5 сая ам.доллар гэж тогтоосон. Дээд шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээ нь хохирлыг ес дахин ихэсгэснээс хэтэрч болохгүй гэсэн шийдвэр гаргажээ.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин