Олон улсын хоригт орсон ганцаардмал удирдагчидтай энэ улс юугаараа аж төрдөг байна аа гэж та бодож үзсэн үү? Тэгвэл манай энэ нийтлэл тэдний орлогын эх үүсвэрийг мэдэхэд тус болно.
Нүүрс
Хойд Солонгос улс олон жилийн турш олон улсын хориг хязгаарт багтсан. Гэв ч энэ хоригт байгалийн нөөцийн экспорт багтдаггүй. Энэ нь ч байгалийн нөөцөөр баялаг улс орнуудын дарангуйлагчдад сайн хэрэг болдог. Яг энэ дагуу Хойд Солонгос улс нүүрсээ зарж, багахан мөнгө олдог байна.
Хуурамч мөнгөн дэвсгэрт
АНУ-ын тагнуулын байгууллагын мэдээллээс үзэхэд Хойд Солонгос улс түүхэндээ 100 тэрбум гаруй ам.доллард хуурамчаар үйлдсэн гэнэ. Хуурамч мөнгөн дэвсгэртүүд нь өндөр чанартай гэдгээр ялгардаг. Мөн хамгийн сайн тоног төхөөрөмж, цаас, бэх зэргийг худалдан авдаг аж. Тиймээс Хойд Солонгосын хуурамч доллартай тэмцэх зорилгоор АНУ 2013 онд шинэ 100-тын дэвсгэрт гаргасан юм.
Баллистик пуужин
Уг зэвсгийнхээ ачаар хойд солонгосчууд дэлхий нийтийг чичрүүлээд зогсохгүй жил бүр хэдэн арван сая доллар олдог. Худалдан авагчид нь мөн л Иран, Пакистан зэрэг “тааламжгүй” дэглэмийнхэн байдаг аж.
Бөс даавуу
Хөдөлмөрийн хөлс бага (Хойд Солонгост сарын хамгийн доод цалин 80 доллар) учраас үйлдвэрлэл Хятадынхаас 30 хувь хямд гардаг. Гэхдээ бүх бүтээгдэхүүнийг Made in China тэмдэгтэйгээр үйлдвэрлэж, хоригоос зайлсхийдэг байна.
Хөшөө
Хойд Солонгос улс бусад тоталитар орнуудын адил удирдагчдаа магтан дуулсан урлагийн бүтээл туурвихдаа гаргууд. Эндхийн уран баримталчдын ур хийц дээд түвшиндээ хүрсэн учраас дэлхийн өнцөг булан бүрээс захиалга тасрахгүй. Тэдний гүйцэтгэж экспортолсон ажлаас хамгийн алдартай нь Зимбабве улсын Ерөнхийлөгч Роберт Мугабегийн 9 метр хөшөө орно. Үүнийг 5 сая доллараар хийсэн аж. Мөн Намибийн цэрэг дурсгалын аварга цогцолборыг 60 саяар, Сенегал дахь Африкийн сэргэн мандалтын 50 метр хөшөөг мөн урлажээ.
Хөдөлмөрийн экспорт
Хойд Солонгос иргэдээ бусад улс руу ажил хийлгэхээр явуулдаг. Мэдээж гадаад ажиллахаар явсан хүмүүсийн гэр бүл нь барьцаалагдан гэртээ үлдэнэ. Харин олсон орлогынх нь ихэнх хэсгийг нам нь авчихна. Зарим мэдээллээс үзэхэд хилийн чанадад 50 мянга гаруй хойд солонгос ажилладаг байна. Тэд жилд 2 тэрбум доллар оруулдаг аж.
Метамфетамин
Хойд Солонгос улс 1970-аад оноос хар тамхи үйлдвэрлэж эхэлжээ. Энэ улсын хар тамхи өндөр чанартай, цэвэр гэдгээрээ ялгардаг. Учир нь энэ бол төрийн чухал бодлого. Үйлдвэрт нь мэргэжлийн химичид ажилладаг аж. 2000-гаад оны үед Хойд Солонгосын метамфетамины чанар эрс муудсан учир зарим шинжээчид хар тамхийг дотоодын хэрэгцээндээ ч ашигладаг болсон гэсэн таамаглал дэвшүүлж байсан юм. Иргэд нь хар тамхийг хоолны дуршлаа багасгах зорилгоор хэрэглэдэг гэх өрнөдийн яриа ч гарсан байна.
Цөмийн реактор
2007 онд Хойд Солонгос улс Сирид цөмийн реактор барих ажилд оролцож байсан юм. Гэвч түүнийг нь Израилийн дайчид бөмбөгджээ. Хэрвээ реактор нь ажиллаж эхэлсэн бол жилд 1-2 цөмийн бөмбөг үйлдвэрлэхэд хангалттай плутоний үйлдвэрлэх байлаа. Зарим мэдээллээр Хойд Солонгос улс төсөлд оролцсоноор Иранаас 2 тэрбум доллар авсан гэдэг.