Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарын эрүүгийн хэргийн шүүх хуралдаан нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд арваннэгдүгээр сарын 12-нд болохоор товлогджээ.

С.Баярыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Хөрөнгө оруулалтын гэрээний тухай” 51 дугаартай тогтоолоор “Оюутолгой” ордыг ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах яриа хэлэлцээр хийхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарт үүрэг болгож, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 308 дугаартай тогтоолоор стратегийн орд болох “Оюутолгой” төслийн хүрээнд Айвенхоу Майнз Монголия Инк, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компаниудтай хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг нэр бүхий Засгийн газрын гишүүдэд олгож, мөн өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн,

Мөн Оюу толгойн ордыг ашиглалтад оруулах Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад олж авсан мэдээлэл, цаашид үүсэж болох нөхцөл байдал зэрэгт үндэслэн албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан, ашиглаж албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор:

Найз Ч.Даваанямын хувь нийлүүлсэн “Петровис трейдинг” ХХК, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК-тай 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Шатах, тослох материал нийлүүлэх тухай” гэрээ байгуулах, энэ гэрээ 2013 оныг дуустал хүчинтэй байх хугацаанд “Петровис трейдинг” ХХК нь 418,385,173,982.34 төгрөгийн орлого олох боломжийг олгож буюу “Оюу толгой” болон “Петровис трейдинг” компаниудын хооронд байгуулагдсан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, түүний үр дүнд “Петровис трейдинг” компанид эдийн засгийн хувьд давуу байдал бий болгон Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан үйлдэлд анхан шатны шүүхээс С.Баярыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор АНУ руу явж, Ч.Даваанямтай бүлэглэн өөрийн том охин болон Ч.Давааням нарын хамтран эрхэлдэг гэх үл хөдлөх хөрөнгийн бизнесийг үргэлжлүүлэн явуулж байгаа нэрийдлээр АНУ-д 2010-2014 онд 4 үл хөдлөх хөрөнгийг нийт 11,643,000 ам.доллараар худалдан авч, улмаар дээрх үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогыг АНУ-ын “Банк оф Америка” банк дахь өөрийн болон эхнэрийн дансаар 2011-2017 он хүртэлх хугацаанд нийт 3,569,148.56 ам.доллар буюу 5,580,444,637.22 төгрөгийг авч, мөнгө угаасан гэмт хэргийг зохион байгуулсан зэрэг хэрэгт нь 5 жилийн хорих ялаар шийтгэсэн бөгөөд хууль бусаар олсон 5 тэрбум 580 сая 440 төгрөгийг хураан авч улсын орлого болгох шийдвэр гаргасан юм.

Харин шүүгдэгч Ч.Давааням нь С.Баяртай бүлэглэн Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор С.Баярын охинтой хамтран үл хөдлөх хөрөнгийн бизнесийг үргэлжлүүлэн явуулж байгаа нэрийдлээр АНУ-д 2010-2014 онд 4 үл хөдлөх хөрөнгийг нийт 11,643,000 ам.доллараар худалдан авч, улмаар дээрх үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогыг АНУ-ын “Банк оф Америка” банк нь дахь С.Баярын болон түүний эхнэрийн дансаар 2011-2017 он хүртэлх хугацаанд нийт 3,569,148.56 ам.доллар буюу 5,580,444,637.22 төгрөгийг авч, мөнгө угаасан үйлдэлд 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр болж 5 тэрбум 766 сая 40 мянган төгрөгийн үнэлгээтэй АНУ-д байрлах орон сууцыг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн юм.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн