ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлагын хөтөлбөрийн Монголын үндэсний хороо болон Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Сургуулийн орчин дахь дээрэлхэлт, цахим дарамтаас урьдчилан сэргийлэх нь” сургалтыг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү сургалтыг ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 40 дүгээр чуулганаар баталсан Сургуулийн орчны хүчирхийлэл, дээрэлхэлт, цахим дарамтыг устгах олон улсын өдрийг тохиолдуулан сургуулийн орчин дахь дээрэлхэлт, цахим дарамт гэж юу болох, тэдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлэх, ямар хариу арга хэмжээ авах талаар сурагчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан бөгөөд ЮНЕСКО-ийн Холбоот 2-р сургууль, 31-р сургуулиудын 8,9-р ангийн сурагчдыг хамрууллаа.
Сургалтыг нээн ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий нар үг хэлсэн бөгөөд “Сургуулийн орчин дахь дээрэлхэлт, түүний үр нөлөө”, “Дэлгэцийн донтол ба цахим гадуурхалт”, “Сургуулийн орчин дахь дээрэлхэлт, цахим дарамтын үед сэтгэл зүйгээ удирдахуй” гэсэн гурван сэдвийн хүрээнд ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн Монголын үндэсний хорооны гишүүн, МУИС-ийн Нийгмийн ухааны салбарын багш Ц.Цэцэгжаргал, “Эерэг өөрчлөлтийн түүчээ” ТББ-ын тэргүүн Н.Дуламсүрэн, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн эрхийн улсын байцаагч Х.Оюунтуяа нар сургалтыг удирдан чиглүүллээ.
Сургалтын төгсгөлд сургуулийн орчны хүчирхийллийн бүх хэлбэр нь хүүхдүүдийн сэтгэл зүйн ба бие махбодын эрүүл мэнд, хичээл сурлага, хувь хүний цаашдын хөгжилд ноцтой сөрөг үр дагаврыг дагуулдаг тул бие биедээ энэрэнгүй, хүлцэнгүй, найрсаг хандаж, өөрөөсөө өөр хүмүүсийг хүлээн зөвшөөрч, тэгш хамруулалт бүхий халуун дулаан сургуулийн орчныг бий болгохын төлөө дор бүрнээ хичээхийг сурагчдад уриалав.
1 comment
Squid game