Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд үзлэг шалгалтаар ажиллаж байсан онцгой байдлын алба хаагчид гэрийн өрх нь шатаж байх үед таарч шуурхай унтрааж, 7 настай хүүхдийг галын аюулаас аварлаа.
Улмаар өнөөдөр 11:30 цагийн үед нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч В.Мөнхдэлгэр, ахлах дэслэгч Х.Маамуу, Таван толгой түлш ХХК-ийн хяналтын ажилтан Т.Алтанцэцэг нар СХД-ийн 9 дүгээр хорооны 2-р хэсгийн айл өрхүүдээр гал түймрийн аюулгүй байдлын үзлэг шалгалтаар ажиллажээ.
Энэ үед айлын гэрийн тооно шатаж байсныг унтраасан байна. Түүнчлэн Гал түймрийг унтраах үеэр тус айлд 7 настай эрэгтэй хүүхэд харгалзах хүнгүй унтаж байсныг сэрээж аюулгүй газарт гаргасан байна. Бага насны хүүхдийг харгалзах хүнгүй гэрт нь үлдээхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Өчигдөр мөн дөрвөн настай хүүхэд даарсан, хоёр хоног хоол идээгүй байдалтай байсныг түр хамгаалах байранд шилжүүлсэн.