Монгол улсын ерөнхийлөгч Шинжлэх ухаан технологийн салбарын шилдэг гурван залуу эрдэмтнийг жил бүр шагнадаг уламжлалтай. Уг шагналд ямар эрдэмтдийг тодорхойлох үүргийг ШУА хүлээдэг. Өнөө жил тус шагналд 6 эрдэмтэн бүтээлээ ирүүлжээ. Эдгээрээс сонгон шалгаруулахдаа олон улсын өндөр IF-тай сэтгүүлд хэвлүүлсэн бүтээлийнх нь тоо, чанарын үзүүлэлтийг гол шалгуур болгодог баййна. Өнөө жил дараах гурван эрдэмтнийг Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналд тодорхойлж хүргүүлэхээр боллоо.
Үүнд:
·ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) О. НАСАНТОГТОХ “Хүнцэл(III)-ийг исэлдүүлэн тунадасжуулах аргаар хаягдал уснаас зайлуулах шинэ технологи” бүтээлээр
·ШУТИС-ийн механик, тээврийн сургууль машин үйлдвэрлэлийн салбарын дэд профессор Л. Тэлмэнбаяр “6061 маркийн хөнгөнцагааны хайлшийн гадаргууд бүрхүүл тавьж зэврэлтэнд тэсвэртэй болгох” бүтээлээр
·Эм судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний зөвлөх, доктор (Ph.D) Д. ХАНДМАА “Бактерийн эсрэг болон судас үүсгэлтийг дэмжих үйлдэлтэй эмчилгээний ион агуулсан микробөмбөлөг гарган авч эдийн нөхөн төлжилтөнд ашигласан нь” бүтээлээр тус тус нэр дэвшүүллээ.