Бурхан багш эхийн ачийг хариулсан дүйчин өдөр маргааш буюу намрын адаг сарын 22-нд тохионо. Энэ өдөр монголчууд эрт дээр үеэсээ бие, хэл, сэтгэлээрээ онцгойлон буян номын үйлд шамдаж, нүгэл хилэнцийг тэвчиж, махан хоолыг хорьж, цагаан хоол иддэг уламжлалтай билээ.
Учир нь дүйчин гэдэг нь “Их цаг” гэсэн утгатай бөгөөд энэхүү их цаг тохиох үед алив үйлдсэн буян бум түмээр арвижин дэлгэрч үрд нь амгалан жаргалан гардаг, харин эсрэгээрээ алив үйлдсэн нүгэл мөн ихээр арвижиж үрд нь зовлон зүдгүүр гардаг уг шалтгаантай хэмээн үздэг.
Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар Сүмжү–засүмжийн орноо залран очиж, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж Замбуу тивд залран ирсэн хэмээдэг. Энэ нь бурхан багшийн 12 их зохионгуйн нэг, жилд тохиох дөрвөн их дүйчин өдрийн нэг тул намрын адаг сарын 22-ны өдрийг “Эхийн ачийг хариулсан их дүйчин өдөр” хэмээн бурхны шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэж, энэ өдөр эцэг эхийн ачийг санаж, буян номд шамддаг уламжлал тогтжээ.
Энэ хорвоод эрдэнэт хүмүүний төрөлд хүргэн элбэрэл хайраараа тэтгэн өсгөсөн ижий шиг ачтан хаа байх. Эцэг эхийнхээ ачийг санаж, ариун буяныг үйлдэж, хилэнцэт нүглийг тэвчих өдөр.
Энэ их буяны өдөр нэг өдрийн санваар сахих, цагаан хоол идэх зэргээр хилэнцийг тэвчин, сэтгэлийг ариусган нэгэн өдрийг өнгөрүүлэх, ерөөл ном хурж, бурхан багшийн айлдсан “Эцэг эхийн ачийг хариулах” судар тэргүүтнийг унших нь ихэс дээдсийнхээ ачийг эргэн санах, үр хойчдоо ч үлгэр дууриал болох хүнлэг сэтгэлийн, уламжлалт ёс зүйн, хүмүүжлийн ч ихээхэн ач тустай гэж үздэг.
Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол Бурхан шашинтны төв Гандан тэгчэнлин хийдэд дараах буян номын үйл ажиллагаа болно.
Үүнд:
06:00 цагт: Тэгчэн сожин
08:00 – 17:00 цагт: Бурхан багшийн чого /Гандан дуганд/
08:00 – 17:00 цагт: Дэмчогийн чого /Очирдарийн дуганд/
12:00 цагт: Бурхан багшийн эхийг ачийг хариулсан дүйчэн өдрийн номын айлдвар. /МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, гавж, Д.Чойжамц/
12:20 цагт: “Эх болсон зургаан зүйл хамаг амьтан” хэмээхүйн утга учир. /МБШТ Гандантэгчэнлин хийдийн Да лам, АБЭТБХ ерөнхий нарийн бичгийн дарга Х.Бямбажав/
12:40 цагт: “Эхийн ачийг хариулах тухай” /МБШТ Гандантэгчэнлин хийдийн Шашны дээд сургуулийн багш, лхарамба, Д.Жавзандорж