-Олон хүн энэ сэдвийг хөндөхөд “Америкт ч ийм байдаг” гэж өөрсдийгөө өмөөрдөг. Гэвч гуравхан сая хүнтэй, тогтворгүй эдийн засагтай Монгол Улсад үүн шиг хэрэггүй зүйл үгүй.-
Хар тамхи бол үндэстний хамгийн том аюул. Энэ аймшигт зүйлийн хэрэглээ тархвал улс орон нийгэм, эдийн засаг, хүн амын өсөлт, эрүүл мэнд гээд бүх талаараа доройтон, улмаар үндэстэн устах ч магадлалтай. Монголчууд энэ аюулаас өөрсдийгөө хол хэмээн эндүүрсээр өнөөдрийг хүрлээ.
Бид Орос, Хятадын дунд оршихдоо дэлхийн том зах зээлүүдэд ойр хэмээн энэ байдлаа давуу тал болгон дөвийлгөдөг. Гэвч хоёр хөрш маань эдийн засгийн том боломжийнхоо эсрэг талд хар тамхины асар том талбар гэдгийг ч мартах учиргүй. Үүнээс гадна манай улс аль хэдийнэ хар тамхи, мансууруулах бодисын дамжин өнгөрөх бааз, хэрэглэгч, нийлүүлэгч болсныг анхааруулахын тулд хэд хэдэн баримтаар жишээ татъя.
Гаалийн байгууллагын мэдэгдэж буйгаар, сүүлийн таван жилийн дотор мансууруулах бодис хилээр нэвтрүүлэхийг завдсан 14 хэрэг бүртгэгджээ. Эдгээр хэрэг илрээгүй бол 9.4 кг хар тамхи Монгол Улсын хилээр орж ирэх байсан аж. Хамгийн гол нь энэ хэргүүдийг ихэвчлэн монголчууд үйлдсэн байх юм. Тэд хар тамхийг агаараар, авто болон төмөр замаар зорчихдоо тээшиндээ нуух, эсвэл биедээ авч явах зэргээр зөөвөрлөж байжээ. Харамсалтай нь, эдгээрийн цаана илрээгүй өнгөрсөн нь хэр олон бэ гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй.
Мөн ЦЕГ-ын мэдээллээс харахад, хар тамхи зөөх, нийлүүлэх хэргүүдийг бие хүн үйлдэх нь цөөн, ихэнх нь бүлэглэлтай хамааралтай гэнэ. Хүчний байгууллагынхан сүүлийн жилүүдэд 6-7 бүлэглэлийг хар тамхитай холбогдуулан баривчилсан ба өдгөө 140 гаруй хүн энэ хэргээс болж ял эдэлж байна. Энэ бол зөвхөн цагдаа, гаалийнхны статистик тоо.
Үүний цаана хар тамхины хэрэглэгчид гэх маш том бүлэг нийгэмд бий болсныг СЭМҮТ-ийн эмч нар анхааруулж байна. Цагдаа хүчнийхэн хар тамхины наймаачидтай байнга тэмцэж байгаа ч хэрэглэгчийн тоо буурах нь битгий хэл өсч буйг тус төвийн тайлангаас харж болно.
Өнөөдрийн байдлаар хар тамхинаас хэт хамааралтай буюу донтсон 10 хүн СЭМҮТ /бидний нэрлэж заншсанаар Шар хадны эмнэлэг/-т эмчлүүлж байна. Хамгийн гол нь, эдгээрийн нэг нь мөс /метафитамин/-нд донтсон юм байна. Эмч нарын хэлж буйгаар, энэ өвчтөн мөсөнд хэт донтсон учраас авир нь догширч эмнэлгийн ажилтнуудыг хазаж, бэртээхийг улайрах болжээ. Мөн эргэлтээр ирсэн гэр бүлийнхнээсээ уух цус асуух зэргээр өөрийгөө хянаж чадахаа больсон гэнэ.
Түүнчлэн түүнд хийсэн эмчилгээнүүд үр дүнд хүрэхгүй байгаа тул тусгаарлан эмчлэхээс аргагүйд хүрчээ. Ерөөсөө дэлхийн хэмжээнд энэ төрлийн хар тамхинд хэт донтогсдын 3-5 хувь нь л засал авдаг аж.
Учир нь метафитамин буюу монголоор мөс гэж нэрлэдэг бодисыг химийн аргаар гаргаж авдаг. Хууль бус лабораториудад гаргаж авдаг энэ бодис яг мөс шиг цагаан өнгөтэй, талтжсан зүйл байдаг. Үүнийг хэрэглэсэн хэн боловч эхэндээ үгээр хэлшгүй баяр хөөрт автдаг.
Гэвч яваандаа хоол, унд, амралт зэргийг орхиж, бүх зүйлийг мөснөөс авах гэж хичээдэг болдог ажээ. Тийм учраас мөсөнд донтогсод өлсөж, цангаж, ядарсаар амиа алдах ч түүнээс урьтаж цус харвалт, зүрхний шигдээс, амьсгалын дутагдлаас болж үхэх аюултай гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын анхааруулгад бичжээ.
Хамгийн жигшүүртэй нь мөсний хэрэглэгчид хүний гэх сэтгэл хөдлөл, ичгүүр, айдас үлддэггүй бөгөөд өнгөрсөн жил үүнд донтогсод хүмүүс рүү дайрч, амьдаар нь идсэн, хазаж зэрэмдэглэсэн хэрэг дэлхий дахинд олноор гарсан юм. Үүнийг дэлхий дахинд “Зомби синдром” гэж нэрлэсэн. Мөн олон орны Засгийн газар үүнтэй хатуу аргаар тэмцэхийн тулд хар тамхи наймаалсан төдийгүй хэрэглэсэн байхад л цаазаар авах ял оноохоор шийдвэрлэсэн.
ДЭМБ, НҮБ-ын анхааруулж буйгаар, өнөөдөр Зүүн өмнөд Азийн орнууд хар тамхины голлох үйлдвэрлэгчид болсон ба эндээс Хятад, Орос, Зүүн Европ, цаашлаад баруун руу хүрдэг болжээ. Тэгэхээр манай улс зүүн өмнөдөөс хойд хагас, зүүн Европт хүрэх дамжлага болох өндөр эрсдэлтэй гэсэн үг.
Тайлан мэдээнээс харахад, Тайланд, Вьетнам, Лаос, Камбож, Мьянмар зэрэг улсад голлох үйлдвэрүүд ажиллаж байгаа гэнэ. Энэ байдал нэлээн эртнээс эхэлсэн бөгөөд нэгэн жишээ татахад 2007 онд л гэхэд Бангладешаас Энэтхэгт хүрэх байсан 1.2 сая ширхэг шахмал яба /мөсийг зүүн өмөд азиуд ингэж нэрлэдэг/ хураан авч устгасан байна.
Гэхдээ Энэтхэгийн цагдаа нар үүнээс их яба хил нэвтэрсэн байж болзошгүй хэмээн улс даяар онц байдал зарлан, мөрдөн байцаах ажиллагаа явуулж байжээ. Дээрх мэдээллүүдийг нэгтгэн үзвэл манай улс хэдийнэ хар тамхины аюулд нэрвэгдсэн. Тиймээс бидэнд маш хатуу хяналтын тогтолцоо шаардлагатай байгаа. Уг нь Монгол Улсад хар тамхитай холбоотой гэмт хэрэгт орооцолдвол 15 жилийн хорих ял оноох хуультай.
Гэвч энэ хууль хэр үр дүнд хүрсэн бол. Сүүлийн жилүүдэд олны танил эрхмүүд, дуучид хар тамхины гэмт хэрэгт холбогдож, мэдээллийн хэрэгслээр шуугидаг ч яг ямар ял шийтгэл авсан нь огт дуулддаггүй. Тэнсэн харгалзах ял төдийгөөр л “толгойгоо илүүлсэн” нь ч бий. Мөн урлагийн томоохон арга хэмжээнүүдэд залуус олноороо хар тамхи татаж байсан дуулиан ч гарч байсан.
Олон хүн энэ сэдвийг хөндөхөд “Америкт ч ийм байдаг” гэж өөрсдийгөө өмөөрдөг. Гэвч гуравхан сая хүнтэй, тогтворгүй эдийн засагтай Монгол Улсад үүн шиг хэрэггүй зүйл үгүй.