Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын Улсын ахлах байцаагч У.Ёндонтой барилгын хяналт шалгалт, чанар, стандартын талаар ярилцлаа.
-НМХГ-аас 350 гаруй барилгад хяналт шалгалт хийсэн байна. Эдгээр барилгад шинээр баригдсан сүүлийн үеийн барилгууд орж байгаа юу?
-Шинэ барилгад байнга хяналт хийдэг. Нийтдээ 4 жилийн хугацаанд 2014, 2016, 2017, 2019 онд таван удаагийн шийдвэрээр 340 барилгын ашиглалтыг хориглогдох улсын ахлах байцаагчийн шийдвэр гарч нийслэлийн засаг, даргад хүргүүлсэн.
Нэхмэлийн шар, Төмөр зам, Тээврийн товчоо, Барс, Вокзалын шар барилгууд дахин төлөвлөлтөд ороод байна. Хөдөө аж ахуйн яамны урд талын цэргийн 44 байр дахин төлөвлөлтөд орж шинэ барилга барьсан.
-Дахин төлөвлөлтөд ороод байгаа барилгууд нь хэдэн онд баригдсан барилгууд вэ?
-1970 оноос өмнө баригдсан нийтийн зориулалттай орон сууцнуудыг шалгалтад хамруулсан. Учир нь газар хөдлөлийн бүс нутагт мөрдөгддөг барилга төлөвлөлт, барилгын норм, дүрэм гэж бий. Энэхүү дүрэм, нормын дагуу баригдаж байж л барилгууд газар хөдлөлтөд тэсэх ёстой. Гэвч бидний шалгалтад хамруулсан барилгууд тэр норм, шаардлагыг хангахгүй байна. Тухайн үеийн барилгуудыг 1930-1940 онд мөрдөж байсан газар хөдлөлтийн норм, дүрэмд нийцүүлэн барьсан.
Түүнчлэн хийц, бүтээцийн хувьд чулуун суурьтай, бетон цутгамал суурьтай, холимог чулуун бетон суурьтай, тоосгон ханатай, давхар дундын болон адрын модон хучилттай байшингууд өнөөдрийн мөрдөж байгаа нормыг хангахгүй байна.
Улаанбаатар хотод жил ирэх тусам газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж, бага хэмжээний чичирхийлэл олон давтамжтайгаар мэдрэгдэх болсон. Нийслэлд хүчтэй газар хөдлөлт болох магадлал байна гэж үзэж НОБГ, НМХГ, МХЕГ, ОБЕГ ҮАБЗ -д асуудал оруулж, шинжилгээ судалгаа хийлгэсэн. Тэгэхэд Улаанбаатар хотын газар хөдлөлийн мөчлөгийн бүсчлэл нэг баллаар нэмэгдсэн гэх дүгнэлтийг мэргэжлийн байгууллагууд үзэж байна.
Тухайлбал, 7 балл байснаа 8 балл, 8 балл байсан газар 9 балл болсон. Тэгэхээр 8, 9 баллын газар хөдлөлийн эрчмийг тэсвэрлэх барилга барихын тулд тооцоо, норманд өөрчлөлт орж байна.
2010 онд Төрийн өмчийн сургууль цэцэрлэгийн барилга, зориулалтын гэж ашиглагдаж байсан барилгуудыг шалгасан. 51 цэцэрлэг, 29 сургуулийн барилгыг шалгахад ийм тооны барилга ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүйг тогтоосон. Тиймээс эдгээр барилгуудыг дахин төлөвлөлтөд оруулах асуудлыг НЗДТГ-т оруулсных 90 гаруй хувь нь шинэчлэгдээд байна.
Жил бүр төлөвлөгөөт шалгалтууд хийдэг. 2011 онд Эрүүл мэндийн салбарын барилга байгууламжийг шалгахад Төмөр замын эмнэлгийн хуучин корпусууд, Цэргийн төв эмнэлгийн хуучин корпус, 1, 2, 3 –р төрөх эмнэлгүүдийн хуучин барилгуудыг шинэчлэх шаардлагатай гэх дүгнэлт гаргасан. Үүний дагуу Цэргийн төв эмнэлэг шинэчлэгдсэн, Төрөх эмнэлгүүд, Төмөр замын эмнэлэг ч шинэчлэгдээд байна.
2012 онд Соёл урлагийн байгууллагуудын барилга байгууламжид шалгалт хийсэн. Үүний үр дүнд Байгалийн түүхийн музейг буулгаж, өөрчлөн шинэчлэх ажил хийгдэж байна. Тухайн музейн барилгын хувьд газар хөдлөлтөд тэсвэргүй, барилгын үндсэн бүтээц, материал нь тухайн үеийнхээ чанарыг хадгалж чадаагүй, хийц бүтээцийн чанар муудсан гэдэг нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон учраас буулгаж, шинэчилсэн. Ер нь барилгыг хүслээрээ л буулгаад байдаг асуудал биш.
Одоо шинэчлэх шаардлагатай урлаг соёлын газрууд гэвэл Драмын театр, Дуурийн театр, Бүх цэргийн дуу бүжгийн чуулга буюу офицерүүдийн ордон. Спортын төв ордон.
Дүрслэх урлагийн музейг Улаанбаатар хотын анхны хоёр давхар байшин гэдгээр нь хуучин хэв загварыг нь хадгалахаар бэхэлж, засвар хийсэн боловч анхны хэв загварыг нь өөрчилсөөр байгаад одоо орчин үеийн ч юм шиг, биш ч юм шиг болгочихсон.
Богд хааны ордон музейн өвлийн ордон. Өвлийн ордны хоёр давхар байшинг ялгаа байхгүй тэр хэвээр нь хадгалъя. Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей, Гэсэр сүм гээд яг хуучин хэвээр нь хадгалах байшингууд байна.
УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТРЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ ОЧИЖ ҮЗЭХЭД ХОЁР, ГУРВАН ХЭСЭГТ ХАГАРАЛТАЙ, ДООД ЗООРИН ХЭСЭГ УСТАЙ БАЙСАН
-Хуучин хэв загварыг нь хадгалж, насжилтыг нь уртасгах ямар боломж байдаг вэ?
-Арчлахгүй байвал барилгын насжилт багасна. Тиймээс тодорхой хэмжээний төсөв хөрөнгийг төлөвлөж засвар, сайжруулалтыг хийх шаардлагатай. Аливаа ажилд заавал хөрөнгө шаардана. Тэр тусмаа хуучны хийцтэй, хэв загвартай, онцгой хийц
Архитектуртай барилгуудын арчилгаанд маш өндөр зардал гардаг. Тодорхой зардал гаргаад шинэчлээд, бэхлээд хүчитгээд явахгүй бол түүх болсон барилгууд устаад алга болно. Одоо Гэсэр сүм, Монгол архитектурын зургаар хийгдсэн “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийн барилгын хэв загварыг хадгалах ёстой.
Драм болон Дуурийн театрыг хүмүүс гаднаас нь хараад “Гоё харагдаж байна. Буулгах гэлээ” гэж эсэргүүцдэг. Гэтэл дотор нь ажиллаж байгаа уран бүтээлчид орчин үеийн театр урлагийн нөхцөлийг хангахгүй байна. Нүүр будах, хувцас солих өрөө, агааржуулалт байхгүй. Эргэдэг тайз нь нурчих гээд байна. Тэгэхээр үүнийг бид шинэчлэх хэрэгтэй” гэдэг хүсэлтийг тавьдаг.
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын барилга байгууламжийг очиж үзэхэд хоёр, гурван хэсэгт хагаралтай, доод зоорин хэсэг устай байсан. Жүжигчдийн хувцас сольдог, нүүрээ буддаг өрөө тасалгаа нь ямар ч агааржуулалт байхгүй. Нүүр, гараа угаах боломжгүй, халуун ус байхгүй гээд их олон асуудал бий.
Халуун усны систем хийх гэхээр үндсэн хийц бүтээцүүдийг цоолох болдог. Барилгын материал нь муудсан учраас ямар нэгэн шинэчлэлт, өөрчлөлт хийхэд нэг нь нөгөөдөө нөлөөлнө. Дээрээс нь газар хөдлөлтийн эрчмийг даах боломжгүй. Түүнчлэн заалтай хэсэг нь тэр чигтээ хөндий байдаг учраас өндөр хана задрах магадлалтай. Ийм аюул тулгарвал яах вэ гэдэг асуудлыг ганц мэргэжлийн хяналтын байгууллага биш барилгын судалгааны төвүүд тооцоолон, нарийвчилсан судалгаанууд хийсэн.
Зарим модон хээнүүдийг бэхэлж, хүчитгэсэн асуудлууд бий. Сүүлд нэлээн эрчимтэйгээр үндсэн хэв загварыг нь хадгалаад барилгын чанарыг сайжруулъя гэдэг асуудал яригдсан.
-Хуучин зураг төслөөр нь дахин барилгыг барина гэсэн үг үү?
-Хуучин хэв загварыг нь хадгалаад хийц, бүтээцийн хувьд бүтэн шинэчилнэ гэсэн үг. Тодруулбал, Дуурийн театр талбайн урд талд байж байсан яг хэвээрээ харагдаж байхаар яг тэр архитектур, өнгө үзэмжээр нь барина. Харин дотор тал нь газар хөдлөлтийг тэсэх шаардлагыг хангасан байхаар барилгыг барина гэсэн үг.
-2010 оноос хойш баригдсан барилгууд харьцангуй шинэдээ орно. Энэ барилгуудын суурь цуурсан харагддаг. Ийм насжилт багатай 10-20 жил болж байгаа барилгуудад хяналт шалгалт хийсэн үү?
-Ашиглагдаж байгаа барилгад хяналт, шалгалтыг иргэн, аж ахуй нэгж, байгууллагын хүсэлт дээр үндэслэж хийдэг. Барилгын тухай хуульд “өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн эрх үүрэг” гэж бий. Тэр үүргийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 10-15 жил дотроо барилга байгууламждаа үзлэг шалгалт хийлгэх үүрэгтэй. Өөрсдөө жил бүр хавар намрын үзлэг хийнэ. Гурван жил тутамд нарийвчилсан үзлэг хийнэ гэсэн үүрэг бий.
Барилга байгууламжийн ашиглалтын дүрмээрээ хуульд заасан үүргийн дагуу манай байгууллагад хүсэлтээ өгнө. Хүсэлтийн дагуу бид үзлэг, шалгалт хийнэ. Ашиглалтын явцад ямар нэгэн хагарал, цууралт, эвдрэл, суулт, хазайлт үүсвэл мэргэжлийн хяналтын байгууллагад нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гээд хуулиараа заагаад өгчихсөн байдаг.
-Эзэмшигч, өмчлөгч иргэний барилгад хагарал, цууралт үүссэн гэх гомдлыг ирүүлбэл танай байгууллагын зүгээс ямар арга хэмжээ авах вэ?
-Тухайн эвдрэл гэмтэл, суулт, хазайлт, хагарал нь юунаас шалтгаалж вэ гэдгийг Барилгын судалгааны төвөөр нарийвчилсан судалгааг хийлгэж тогтоолгоно. Барилгад нэг метр гарангийн өргөнтэй бетон хаяавч хийгддэг. Тэр хаяавч нь сууна, хагарна, барилгаасаа хөндийрч зай завсар гарна. Түүгээр нь борооны гадаргуугийн ус нэвчиж байшингийн суурь сууж, буурь хөрс рүү орно. Тэр хөрсийг угаана. Бүтцийг нь өөрчилнө, хөлдөж овооно гэх мэт шалтгаанаас хүртэл үүдэлтэй байдаг.
Тэгэхээр барилга байгууламжийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагч тухайн барилгын насжилтыг уртасгахын тулд байнгын үзлэг, шалгалт, арчилгаа, тордлогоо хийж байх ёстой. Ийм хяналт, арчилгаа, тордлогоо байхгүйгээс үүсч байгаа эвдрэл, гэмтэл бий.
Цэцэрлэгийн барилгын нэг давхрын ариун цэврийн өрөө, ор хураадаг өрөө, аяга таваг угаадаг өрөөнүүдийн дунд талын хамар хананууд суугаад хагарсан тохиолдол байдаг. Учир нь уг ханануудын шалан доогуур нь явж байгаа бохир усны шугам суулт өгч хагарч, ус алддаг гэх мэт шалтгаанаас болж буурь хөрс доошоо сууж, хагарал үүсдэг. Гэх мэт тоочоод байвал олон хүчин зүйлүүд бий.
Тэгэхээр ашиглалтыг эзэн хариуцаад явах ёстой. Заавал байшин барьж өгнө, барьж өгсний дараа мэргэжлийн хяналт заавал үзэж хянана гэсэн асуудал байхгүй. Өмчлөгч, эзэмшигч, ашиглагч маань өөрийн дүрэмтэй, эрхтэй, үүрэгтэй. Барилга байгууламжийн ашиглалтын дүрмийн дагуу, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар, ашиглалтын хугацааны жишиг нормын дагуу л явна.
Халаах хэрэгсэл 30 жил, халаалтын босоо хар турбо 15 жил, Хар цаасан дээвэр 10 жил, цагаан турбо 15 жилийн ашиглалтын хугацаатай гээд заагаад өгчихдөг. Яг заасан хугацаандаа л арчилгаагаа хийгээд байвал ашиглах жил уртсаад л байна.
Дээрх нормоор заагаад байгаа хугацаа нь ямар нэгэн эвдрэл гэмтэлд өртөхгүйгээр хамгийн үр ашигтайгаар ашиглаж болох хугацааны хамгийн богино хугацааг л хэлээд байгаа юм. Түүнээс цааш хэдэн ч жил ашиглаж болно. Монгол Улсад 40-60 жилийн насжилттай барилгын стандарт мөрдөгддөг гээд зааж байна.
Гэтэл энэ чинь дотроо барилгын материалаасаа хамаараад өөр өөр. Тоосгон барилга, орон сууцны барилга, цутгамал гээд…
Өнөөдөр баригдаж байгаа барилгууд:
Нэгт: Өнөөдрийн газар хөдлөлтийн нормыг хангаж байх ёстой.
Хоёрт: Арчилгаа, тордлогоо сайн, ашиглалтын явцад барилгад ямар нэгэн эвдрэл гэмтэл үүсээгүй л бол ашиглагдаж байна л гэсэн үг.
Манайхан “байгаа юмаа буулгалаа” гэж ярьдаг. Олон нийт, ард иргэдэд аюултай нөхцөл байдал үүсээд байгаа учраас түүнийг засаад аюулгүй байдлыг бий болгохгүй бол болохгүй байна.
Гадаадын улс орнууд 17-р зууны үеийн барилга байгууламжаа хүртэл тэр хэвээр нь байлгаж байна гэж ярьдаг. Нэгт: Тэнд газар хөдлөхгүй байна. Мөн хөрөнгө мөнгө гаргаад түүхэн барилга байгууламжаа арчилж, тордоод сайжруулаад насжилтыг уртасгаж байна. Харин Манайд газар хөдлөлтийн эрчим нэмэгдэж байна. Барилга байгууламжийн арчилгаа, тордлогоо гэж байхгүй, барьсан л бол хаячихдаг. Ийм л ялгаатай учир үнийг ялгаж ойлгох хэрэгтэй.
Газар хөдөлдөггүй газрын хэдэн зуун жил болчихсон барилгыг газар хөдлөлтийн чичирхийлэлтэй газрын барилга байгууламжтай харьцуулж болохгүй.
-Энэ төрлийн мэдээлэл иргэдэд дутмаг байна уу даа?
-Тийм ээ мэдээлэл, ойлголт дутуу байна. Газар хөдлөхөөр юу болдог вэ гэдэг гамшиг, ослыг манайхан яг биечилж амсаж үзээгүй. Тайван байдалдаа дасчихсан хүмүүс чинь байгаа юмаа сүйтгэлээ гэсэн ойлголттой л яваад байна. Орос, Германд газар хөдлөөгүй байхад цасны ачааллаа даахгүйгээр бүхэл бүтэн мөсөн гулгуурын стадионы дээвэр нураад олон хүнийг дарж байсан.
Манайх ОХУ-ын нормыг яг хэрэгжүүлдэг байсан. Одоо өөрийн үндэсний нормтой болж байна. Гэтэл бидний хуулж байсан нормтой газрын барилга нурна гэдэг чинь манайд юу ч болж мэдэх аюултай. Барилга байгууламжаа барихдаа норм, дүрмээ сайн баримтлахгүй бол 8 балл-д тооцсон юм уу, 9 баллд тооцсон барилга чинь 7 балл-д ч нурах магадлалтай болно. Тиймээс л мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьдаг.
-Танай байгууллага барилга угсралтын явцад хяналт тавьдаг уу?
-Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн гэсэн гурван хяналт тавьдаг.
Мэргэжлийн хяналтын байцгаагчид удирдамж боловсруулан батлуулаад өөрсдөө сайн дураараа урьдчилан сэргийлэх хяналт тавьж байна. Энэ нь зөвшөөрөлгүй, норм дүрэмдээ тэнцэхгүй чанаргүй барилга баригдах вий гэж урьдчилан сэргийлэх үүднээс юм.
Угтаа энэ үүргийг Хот байгуулалт, хөгжлийн газар хэрэгжүүлэх ёстой. Хуучнаар Ерөнхий төлөвлөгөөний газар. Учир нь тэдний үндсэн чиг үүрэгт барилга байгууламжийн явцын хяналт шалгалтыг хийнэ гэж заасан байдаг. Барилгын зөвшөөрөл олгож байгаа, олгосон зөвшөөрлийн хүрээнд барилгын явцын хяналтыг хийх үүргийг Хот байгуулалт, хөгжлийн газарт хуулиар олгочихсон. Мөн хяналтын инженерүүдтэй, мэргэжлийн хэлтэс байж байна. Мэргэжлийн хяналт бол хөндлөнгийн хяналт. Зарчмаараа бол гарцаагүй болохгүй байгаа зүйл дээр мэргэжлийн хяналт ордог байх ёстой.
Гэтэл одоо юм болгонд мэргэжлийн хяналт болчихсон. Олон нийтэд ч тийм ойлголт суучихсан байна. Ус алдлаа мэргэжлийн хяналт. Гадаа тоглоомын талбай дээр хүүхэд уналаа мэргэжлийн хяналт. Зам сэтэллээ мэргэжлийн хяналт. Уг нь энэ бүхнийг хариуцах үүрэгтэй маш олон байгууллага бий.
Зам сэтэлж байгаа үйл ажиллагааг бид очиж шалгаж болно. Ямар шалтгаанаар энэ замыг сэтлэв, энд шугам байх ёстой юм уу, үгүй юм уу гэдэг шалтгаан нөхцөлийг тодруулна. Түүнээс зам сэтэлж байгаа ажлыг зогсоох гэж мэргэжлийн хяналт очих ёсгүй.
Мэргэжлийн хяналтынхан бид нохойд барьдаг мод юм шиг юм болгон руу явдаг. Ялааны алуур шиг очоод балбаж байдаг юм шиг ойлгодог. Тийм бишээ, мэргэжлийн хяналт гэдэг нэрийн утга, үүрэг нь шал өөр. Үүнийг ялгаж салгаж, олон нийт зөвөөр ойлгох хэрэгтэй.
Дулааны шугам татаж байлаа гэхэд УСУГ, Дулааны шугам, Орон сууцны контор хийлгэж байгаа эсэхийг тодруулж тухайн байгууллагад ханд. Бүр болохгүй бол мэргэжлийн хяналтын байгууллагад ханд.
-Мэргэжлийн хяналтад хамааралгүй энэ мэт асуудлыг холбогдох байгууллагад нь шилжүүлж болдоггүй юм уу?
-Манайхан зарим асуудлыг шилжүүлдэг. Гэхдээ шилжүүлэхээр иргэн буруу ойлголтоороо өөрөөсөө зугтаалгалаа, мэргэжлийн хяналт шийдсэнгүй гэдэг асуудал ярьдаг.
-Та дээр барилга байгууламжийг эзэмшигч иргэн танай байгууллагад хандвал тухайн барилгад хяналт, шалгалт хийж, юунаас шалтгаалж эвдрэл гэмтэл үүсээд байна вэ гэдгийг тогтоох боломжтой гэж байсан. Тэгэхээр барилга байгууламж, орон сууцны эвдрэл, гэмтэлтэй холбоотой асуудлаар мэргэжлийн хяналтын байгууллагад хандах уу, Өөр ямар байгууллагад хандах боломжтой вэ?
-Мэргэжлийн хяналт, зөвшөөрөл олгосон Хот байгуулалт, хөгжлийн газарт, захиалагч иргэн, аж ахуй нэгж рүү тус тус хандаж болно. Гүйцэтгэгч рүү хандаж болно. Мэргэжлийн хяналтын байгууллагад хандахаас өмнө маш олон хяналт байдаг. Гүйцэтгэгч компанийн дотоодын хяналт гэж бий. Барилгын чанараа хянана. Захиалагч, хөрөнгө оруулагчийн хяналт, зураг төслийн байгууллагын хяналт гэж бий. Зураг төсөл зохиогчийн эрхийн дагуу очиж хянана.
Зөвлөх үйлчилгээний байгууллагатай гэрээ хийсэн бол тэр нь хянана. Тэгээд хороо дүүрэг нь хянаж болно. Хамгийн сүүлд мэргэжлийн хяналт.
Барилга чанаргүй, зураг төсөл, норм дүрэм зөрчигдсөн гэж үзвэл Мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж, бид шалгах ёстой. Түүнээс юм болгон дээр очоод л шалгагчийн байр сууринаас оролцох ёсгүй.
Уг нь тийм байдлыг тогтоохын тулд төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт орж, бид эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийдэг болсон. Тэгтэл үүнийг ойлгохгүй, нэг барилга баригдаж байгаад тодорхой тохижилт, шугам хийх гээд зам хаангуут энэ барилга ингэчихлээ гээд мэргэжлийнх хяналтад хүсэлт өгчихдөг. Ингээд л Мэргэжлийн хяналтын байгууллага дуудлагаар очдог гал сөнөөгч шиг байдалтай болчхоод байна. Онцгой байдлын алба бол гал гарангуут унтраах үүрэгтэй, аваар ослоос хүний амь нас эд хөрөнгийг аврах үүрэгтэй.
Үүнийг олон нийт маш зөв ойлгох хэрэгтэй байна. Бид хийхгүй гээд байгаа юм биш. Заримдаа бүх асуудал руу орж маш их ачаалалтай ажиллаж байна. Үндсэн үүрэг маань орхигдчих гээд байна.
-Баярлалаа
Н.ЦЭНДБАТ