Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, багш суралцагчдад эх оронч үзэл төлөвшүүлэх, монгол хүний хөгжил, монгол ахуй өв соёл, зан заншлыг сурталчлах зорилгоор зохион байгуулж буй “ТӨРИЙН ДУУЛЛАА ХҮНДЭТГЭН ДУУЛЖ, ТӨРТ ЁСОО ДЭЭДЭЛЬЕ” аянд Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд нэгдэн дараах үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 31 сургуульд 18410 хүүхэд суралцаж тус аянд нэгдэн хүүхэд бүр монгол хэл бичгийн хичээлээр дамжуулан Төрийн дууллаа зөв бичих, цээжлэн дуулж сурах, сурагчдад төрийн дууллын мөн чанар, утга агуулга, түүхэн уламжлалын талаар ойлгуулах, төрт ёс тусгаар тогтнолоороо бахархах үзэл санаа төлөвшүүлэх зорилго тавин ажиллаж байна.
Бага ангийн сурагчдын монгол хэлний хичээлийн дэвтрийн хавтасыг Монгол улсын төрийн далбаагаар фон болгон төрийн дууллыг криллээр бичин хавтаслаж хичээл эхлэхээс 5 минутын өмнө “Төрийн дууллаа” дуулж хэвшсэн.
Дунд ахлах ангийн сурагчдын монгол хэл бичгийн хичээлийн дэвтрийн хавтасыг Монгол улсын төрийн далбаагаар фон болгон төрийн дууллыг монгол бичгээр бичиж хавтасласан бөгөөд төрийн дууллаа үндэсний бичгээрээ зөв бичих, унших чадварт сургах зорилго тавин ажиллаж байна.
Аймгийн хэмжээнд өглөө, өдрийн ээлжийн хичээл эхлэхээс 5 минутын өмнө багш сурагчид “Төрийн дууллаа” хүндэтгэн дуулж хэвшсэн.
Цаашид “Төрийн дууллаа хүндэлье” зохион бичлэг, эсээ бичлэгийн уралдаан зохион байгуулах, эцэг эх олон нийтийг тус аянд нэгтгэх арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна.
БСШУЯ