Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар өнөөдөр хилээр нэвтэрч байгаа бараа бүтээгдэхүүний хяналт шалгалтын талаар мэдээллээ.
Тухайлбал, 2020 он гарснаас хойш 7855 чингэлэг, 1288 галт тэрэг, 3984 тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэн ирсэн хүнсний бүтээгдэхүүнд шалгалт хийж, зарим зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг хураан авчээ. ОХУ-аас импортлогдсон 5.7 тонн лаазалсан сайра загасанд лабораторийн шинжилгээ хийхэд шимэгч хорхой илэрсэн байна.
Нийт 62 сая төгрөгийн үнэ бүхий 500 хайрцаг сайра загасыг шууд хураан авч, устгалд оруулжээ. Сайра загасыг хилээр нэвтрүүлэхийг завдсан “Өрнөх гариг”, “Абсолют кеш энд керри” компанийг Зөрчлийн хуулиар торгожээ.