Америкийн төрийн тэргүүн Доналд Трамп, түүний одоогийн гол өрсөлдөгч Жо Байден нар тийм ч залуу хүмүүс биш. Тэд олон арван жилийн хугацаанд карьер, хувийн амьдралаа босгоцгоосон туршлагатай хүмүүс юм.
/Зураг/ 18 настай үе. 1964 он
Залуу нас
Доналд Жон Трамп
Доналд Жон Трамп нь Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараахан буюу 1946 оны зургадугаар сард төрсөн. Нью-Йоркийн орон сууцны барилгын салбарын амжилтад хүрсэн магнат Фред Трамп, шотланд гаралтай Мэри Энн Маклауд-Трамп нарын гэр бүлд төрсөн, айлын 4 дэх хүүхэд юм.
Доналд Трамп хэдийгээр 23 өрөөтэй баян гэр бүлд төрсөн ч эцгийнхээ компанид хамгийн доороос нь эхлэн ажиллаж эхлэхээр төлөвлөж байсан гэдэг. Гэвч сахилга батаар тааруу байсан тул 13 настай Трампыг цэргийн сургуульд элсүүлж, тэндээ хэдэн жил сурч, амьдарчээ.
1968 онд Трамп Пенсильванийн их сургуулийн эдийн засгийн диплом авч, эцгийнхээ компанийг өв залгамжлагчаар өрсөлдөж эхэлжээ. Түүний том ах Фред харин нисгэгчийн карьерыг сонгосон байна.
Бага Жозеф Робинетт Байден /Зураг/ 25 настай үе. 1967 он
Жо Байден Пенсильвани мужийн Скрантон хотод 1942 онд төрсөн. Америк-ирландын католик шашинт гэр бүлийн 4 хүүхдийн ууган нь. Аав Том Жозефынх нь бизнес нь дампуурч, хүүгээ дунд сургуульд сурч байхад нь л хөл дээрээ босож, автомашины сайн худалдаачин болжээ. Байден сургуульд байхдаа ээрүү байсан тул хүүхдүүдийн доог тохуу болдог байв.
Харин дэд ерөнхийлөгч болоод толины өмнө шүлэг уншсаар энэ асуудлаасаа салсан байна. Делавер мужийн их сургуульд түүх, улс төрийн салбараар анхны дээд боловсролоо эзэмшсэн байна. Дараа нь Сиракузын их сургуульд эрх зүй судалж байхдаа эхнэр Нелиятайгаа танилцжээ. Сургуулиа төгсөөд Делавэр мужийн Уилмингтон хотод хуулийн фирмд ажилд орсон аж.
1970-аад он
/Зураг/ Доналд Трамп 1976 онд.
Трамп эцгээсээ 1 сая долларын “багахан” зээл аваад хөгжүүлэх бизнесээ эхэлж байжээ. Сүүлд нь тэрбээр эцгийнхээ компанид Нью-Йоркийн үл хөдлөх хөрөнгийн салбарыг нь удирдаж байгаад бүх бизнесийг нь авсан байна. 1971 онд тэрбээр энэ компаниа Trump Organization болгон нэрлэжээ.
Трамп 6 жилийн дараа анхны эхнэр Ивана Зельничкова хэмээх загвар өмсөгч, цанын зааварлагч, бизнес эрхлэгч Чехословакаас ирсэн бүсгүйтэй гэрлэсэн байна. Энэ гэрлэлтээсээ тэрбээр бага Доналд, Иванка, Эрик хэмээх 3 хүүхэдтэй. Тэд өдгөө Trump Organization байгууллагыг нь удирдан авч явдаг.
/Зураг/ Байден, түүний эхнэр Нелия болон хөвгүүд нь 1972.11.20-нд шинээр сонгогдсон сенатчийн 30 насны ойг тэмдэглэж байгаа нь.
/Зураг/1973.01 сар. Жо Байден хүү Богийнхоо эмчлүүлж байсан эмнэлэгт сенатчийн тангаргаа өргөж байгаа нь.
1972 оны сонгуульд 30 настай ардчилагч Жо Байден Делавэр мужийн сенатч болсон нь гэнэтийн зүйл байлаа. Сенатын ёслолоос хэдхэн долоо хоногийн өмнө Байдены эхнэр, ойтой охин Наоми нь автомашины ослоор өөд болж, Хантер, Бо хэмээх хоёр хүү нь хүнд гэмтэн эмнэлэгт хэвтэж байлаа. Байден сенатын анхны тангаргаа 2-3 насны хоёр хүүгийнхээ дэргэд, эмнэлэгт өргөсөн юм.
1980-аад он
/Зураг/ Доналд Трамп Нью-Йоркоос хувийн нисдэг тэргээрээ нисэж байгаа нь, 1987 он
1970-аад онд Трампын амбиц улам нэмэгдэж, Блуклин, Квинсийн орон сууцнуудад, Манхэттенд анхаарлаа хандуулж эхэлжээ. Эвдэрхий зочид буудал худалдан авч, түүнийгээ тансаг Grand Hyatt зочид буудал болгон тохижуулж, 1983 онд өнөөдрийн хамгийн алдартай барилга болох 58 давхар Trump Tower цамхгаа 5-р өргөн чөлөөнд нээжээ. Үүний араас алдарт боссынхоо нэртэй Trump Place, Trump World Tower, Trump International Hotel and Tower ар араасаа баригдсан. Энэ хугацаанд хүчирхэг брэнд нь хэвлэлийнхний анхаарлыг татсан байна.
Гэвч Трампын хүрсэн бүхэн алт болон хувирахгүй байлаа. 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхээр санхүүгийн асуудал үүсч, 4 үйлдвэр нь дампуурсан аж.
/Зураг/ Жо Байден 1987 онд Ерөнхийлөгчийн сунгаанаас гарч байгаагаа зарлав. Баруун талд нь түүний эхнэр Жилл.
Байден Вашингтонд 14 жил ажиллах хугацаанд эхнэр, охиныхоо харамсалтай үхлийн дараа дахин гэр бүл босгосон байна. Хөвгүүдээ харж хандахын тулд өдөр бүр Вашингтон руу ажилдаа явж, Делавер луугаа харьж байлаа. 1977 онд 2 дахиа гэрлэж, дунд сургуулийн багш Жилл Жейкобс хэмээх бүсгүйг сонгосон байна. Тэдний дундаас Эшли хэмээх охин гарчээ.
Байден Сенатын Хууль зүйн хороонд орж, үндэсний хэмжээнд алдаршив. 1987 онд тэрбээр анх удаа ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо нэрээ дэвшүүлсэн ч бусдын санааг хулгайлсан асуудлаар нэрээ татсан байна. Тэрбээр сонгуулийн өмнөх үг хэлэхдээ Британийн Лейборист намын удирдагч байсан Нил Киннокийн үгийг бараг давтсан нь дуулиан тарихад нөлөөлжээ.
1990-ээд он
/Зураг/ Трамп “АНУ-ын мисс”, “АНУ-ын өсвөр насны мисс” гоо бүсгүйн тэмцээний хэвлэлийн хурлын үеэр, 1999.01 сар.
Трамп 1996 онд “Ертөнцийн мисс”, “АНУ-ын мисс”, “АНУ-ын өсвөр насны мисс” хэмээх 3 тэмцээнийг эзэмшигч болов. Энэ үед тэрбээр Иванагаасаа салаад жүжигчин Марла Мэйплстэй гэрлэсэн байна. Тэдний дундаас Тиффани охин нь төрсөн. 1999 онд тэд салж, тухайн онд Трампын эцэг нь өөд болжээ. “Аав минь миний үлгэр дууриал байсан” хэмээн тэрбээр тухайн үед мэдэгджээ.
/Зураг/ Сенатч Жо Байден, Тед Кеннеди нар Дээд шүүхэд Кларенс Томасыг дэвшүүлэх сонсголын үеэр.
1991 оны аравдугаар сарын 11-нд Америкийн нийгэм тэр чигтээ цэнхэр дэлгэцэнд анхаарлаа хандуулжээ. Оклахома их сургуулийн эрх зүйн профессор Анита Хилл Сенатын Хууль зүйн хороонд мэдүүлэг өгсөн юм. Уг сонсгол нь Кларенс Томасыг АНУ-ын Дээд шүүхэд нэр дэвшүүлэх тухай асуудал байлаа. Хилл түүнийг Рейганы засаг захиргаанд хамт ажиллаж байхдаа бэлгийн дарамт учруулсан гэж буруутгажээ.
Жо Байден хорооны дарга байсан бөгөөд түүний энэ үеэр гаргасан шийдвэрийг одоо ч шүүмжилдэг юм. Оролцогчид бүгд дунд насны цагаан арьст эрчүүд байсан бөгөөд Байден Хиллийн үгийг батлах бусад эмэгтэйчүүдийн мэдүүлгийг авахаас татгалзсан юм. 2019 оны телевизийн нэгэн ярилцлагынхаа үеэр Байден энэ асуудлаар харамсаж явдгаа илэрхийлсэн байна.
2000-аад он
/Зураг/ Доналд Трамп, Мелания Кнавс нар, 1998 он
2003 онд Трамп “The Apprentice” нэртэй телевизийн шинэ реалити шоуны хөтлөгч болсон нь бизнесмэнээс гадна алдартан болоход нь нөлөөлжээ. Дэлхий даяар одоо ч алдартай энэ нэвтрүүлгээр бол Трампын бизнес ертөнцөд менежерийн байр суурийн төлөө оролцогчид өрсөлддөг. Трамп 14 улирлын турш энэ шоуны од болж, 213 сая ам.доллар олсон байдаг. 2005 онд тэрбээр одоогийн гэргий Мелания Кнавстай гэрлэсэн. Удаах эхнэр нь Словенийн модель бөгөөд Баррон Уильям Трамп хэмээх нэг хүүтэй болжээ.
/Зураг/ Барак Обама өөрийг нь дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчээр зарласны дараа Жо Байден үг хэлж байгаа нь, Иллинойс муж.
2008 онд Байден дахиад АНУ-ын ерөнхийлөгчид өрсөлдөгч. Тухайн үед Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь Барак Обама бол Байден дэд ерөнхийлөгчийн хувиар шинэ түвшинд гарч ирсэн байна.
Обама, Байден нар 2 ч удаа Цагаан ордны төлөө өрсөлдөн ялж, Байден Обамаг дүүгээ гэж үздэг болсон байна.
2010-аад он
/Зураг/ Трамп Ерөнхийлөгчийн тангаргаа өргөсөн өдөр, 2017 он. Гэргий Мелания, хүү Барроны хамт.
Трамп 2015 оны зургадугаар сард Ерөнхийлөгчийн сунгаанд оролцохоор болсноо зарлав. Түүний кампанит ажил дуулиант мэдээллээр дүүрэн байлаа. Тухайлбал, 2005 онд эмэгтэйчүүдийн доромжилсон утгатай мэдэгдэл нь дахин цацагдаж, намын гишүүд нь хүртэл түүнийг буруутгаж ирсэн байна.
Гэсэн ч Трамп дэмжигчдийнхөө өмнө өрсөлдөгч Хиллари Клинтон нь санал асуулгаар тэргүүлж яваа гэдгийг худал мэдээлэл гэж хэлсээр байлаа. 2016 оны энэ сонгуульд Трамп ялж, АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч болсон бөгөөд 2017 оны нэгдүгээр сарын 20-нд үүрэгт ажлаа хүлээн авсан юм.
/Зураг/ Барак Обама, Жо Байден нар 2010 онд Цагаан ордонд Гэгээн Патрикийн өдрийг тэмдэглэх үеэр Ирландын Ерөнхий сайд Браян Коэныг сонсож байгаа нь.
Барак Обама Ерөнхийлөгчийн үүрэгт ажлынхаа сүүлчийн өдөр Жо Байденыг АНУ-ын иргэний хамгийн дээд шагналын Ерөнхийлөгчийн Эрх чөлөөний медалиар шагнасан юм. “Жо Байденыг мэднэ гэдэг ямар хиймэл зүйлгүйгээр хайр ямар байдгийг, хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөлгүйгээр хэрхэн албаа хашдагийг бүтэн амьдралаар хэрхэн амьдардгийг ойлгох явдал юм” гэж Обама хэлж байжээ.
Обама түүнийг дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед 2015 онд Бо хэмээх ууган хүү нь 46 насандаа тархины хавдраар өөд болсныг сануулсан. Түүний хүүг 2016 онд Делавэр мужийн амбан захирагчид өрсөлдөх магадлалтай хүн гэж харж байсан юм.
2020 он
/Зураг/ Ерөнхийлөгч Трамп эмнэлэгт 3 хоногийн турш коронавирусийн эмчилгээ хийлгэснийхээ дараахан Цагаан ордны тагтан дээрээ амны хаалтаа тайлж байгаа нь.
Ерөнхийлөгчид 2 дахь удаагаа өрсөлдөж байгаа Трамп өдгөө цар тахлын хүнд үед өрсөлдөж байна. 230 мянга гаруй америк Covid-19-ийн улмаас өөд болж, Ерөнхийлөгч өөрөө сонгуулиас өмнө тусаад эдгэрсэн юм. Тэрбээр төр засгаа хөл хорио тогтоохгүй байхыг уриалжээ.
/Зураг/ Жо Байден Делавэр мужид хэвлэлийнхэнтэй ярилцаж байгаа нь. 2020.10.10
Байден, Трамп нар цар тахалтай тэмцэхэд эсрэг тэсрэг байр суурьтай байгаа. Байдены хувьд Трамп юу ч хийгээгүйгээс болоод тахалд өртсөн гэсэн байна.