Улаанбаатар хотын 9 дүүргийн 2255 уст цэг /гүний худаг, ус түгээх байр, ус дамжуулах хоолой/-ээс химийн 25, микро биологийн 5, изотопын 5, микро элементийн 56 нийт 91 үзүүлэлтээр шинжилгээ хийж үзүүлэлт тус бүрээр ундны усны чанарын судалгааг гарган мэдээллийн сан үүсгэжээ.
Уг ажилд Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэн, Газарзүй-Геоэкологийн хүрээлэн хамтран оролцож байна. Энэ судалгаа, мониторингийн ажлын үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар Нийслэлийн Байгаль орчны газар, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл хамтарсан уулзалт хийсэн байна.
Уулзалтад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Туул голын сав газрын захиргаа, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, ШУА-ын холбогдох хүрээлэнгүүдийн төлөөлөл оролцож санал, зөвлөмжийн төслийг хэлэлцэв. Дээрх судалгааны дүнг үндэслэн шаардлага хангахгүй усны эх үүсвэрүүдийг битүүмжлэх, төвлөрсөн шугам сүлжээнд холбох, хамгаалалтын дэглэмийг сайжруулах ажлууд үе шаттай хийгдэнэ гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.