ДЭМБ-ын мэдээлж байгаагаар хүн төрөлхтний шинэ, ялагдашгүй дайсныхаа эсрэг 170 орчим вакцин боловсруулж, туршиж байна. Коронавирусийн эсрэг бүртгэгдсэн хамгийн анхны тарилга нь Оросын “Спутник V” болсон юм. Өдгөө энэ вакцин 40 мянган хүн дээр 3 дахь шатныхаа туршилтад явна. “Бид оны сүүлч гэхэд нийтээр нь вакцинжуулчих байх” гэж Оросын төрийн тэргүүн Владимир Путин саяхан болсон “Орос орон дуудаж байна” хөрөнгө оруулалтын чуулгын үеэр мэдэгдсэн юм.
Харин бусад орны вакцинууд юу болж байна вэ?
Хятад: 60 мянган хүнд тарьсан, гаж нөлөө илрээгүй
Хятадын эмийн компаниуд коронавирусийн 9 вакцин боловсруулсан нь бүгд хүмүүс дээрх эмнэл зүйн туршилтын шатандаа явна. Сүүлчийн буюу 3 дахь шатанд 4 бэлдмэл яваа юм. Нэг нь тун ойрын хугацаанд нийтийн вакцинжуулалтад гарах гэж байгаа гэнэ.
“Арваннэгдүгээр сар, эсвэл арванхоёрдугаар сард энгийн хүмүүс COVID-19-ийн эсрэг тарилга хийлгэх боломжтой болно. Учир нь клиникийн туршилтын 3-р шат тун амжилттай явна” гэж Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн Био аюулгүй байдлын шинжээч У Гуйжэнь мэдэгджээ. Тэрбээр өөрөө тариулсан бөгөөд ямар нэгэн гаж нөлөө мэдрэгдээгүй гэжээ.
Хятадад нийтдээ 60 мянга орчим хүн клиникийн судалгаанд хамрагдаж байна. Сайн дурынхан дотроос хүндрэл гарсан гэх мэдээлэл алга аж.
Герман: Тарилгын кампанит ажил 2021 онд эхэлж, 7 сар үргэлжилнэ
Германд коронавирусийн эсрэг вакцины анхны туршилт энэ оны дөрөвдүгээр сард эхэлжээ. Тарилгын бэлдмэлийг Германы Майнц хотын Biontech компани Америкийн Pfizer-тэй хамтран боловсруулсан байна. Судалгаанд 18-85 насны нийт 30 мянган хүн оролцохоор төлөвлөжээ.
ХБНГУ-ын Эрүүл мэндийн сайд Йен Спан аравдугаар сарын сүүлчээр мэдэгдэхдээ коронавирусийн анхны вакциныг 2021 оны эхээр нийтэд хүртээмжтэй болно гэсэн. Харин олон нийтийг вакцинжуулах кампанит ажлыг 6-7 сарын хугацаанд явуулахаар төлөвлөжээ.
Германд өдгөө клиникийн 3-р шатны туршилтад 9 төсөл явж байна.
АНУ: Дэлхийн томоохон эмийн компаниуд өрсөлдөж байна
АНУ-д Трампын хэлдгээр “Хятадын халдвар”-ын эсрэг вакцин боловсруулах ажилд эм бэлдмэлийн аварга компаниудад өрсөлдөн ажиллаж байна. Дэлхий дахинаа хамгийн их дуулиан тариад байгаа нь Британи-Шведийн AstraZeneca компанийн төсөл. Оксфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран боловсруулж буй энэ төсөлд Америкийн Засгийн газраас 1,2 тэрбум ам.доллар гаргажээ. Харин уг вакцины клиникийн туршилтын явцад сайн дурын хоёр хүнээс нь хүнд өвчин илэрч, нэг нь нас барснаараа таагүй дуулианд өртсөн.
АНУ-ын төрөөс бас Moderna био технологийн компанийн тарилга боловсруулах төслийн санхүүжилтэд 486 сая ам.доллар зарцуулсан бол Johnson&Johnson-ы төсөлд 456 саяыг үржээ. Үүнээс гадна Merck, Pfizer зэрэг томоохон эмийн компаниуд өрсөлдөөнд оролцож байна.
Дональд Трамп Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө арваннэгдүгээр сарын 2-нд Айова мужид дэмжигчидтэйгээ хийсэн уулзалтынхаа үеэр мэдэгдэхдээ АНУ-д коронавирусийн вакциныг нийтэд нь хуваарилах ажил хэдхэн долоо хоногийн дараа эхэлнэ гэжээ. Харин Үндэсний харшил, халдвар өвчний хүрээлэнгийн захирал Энтони Фаучи байдлыг илүү бодитойгоор дүгнэж байгаа юм. Тэрбээр АНУ-д сайндаа л 2020 оны сүүлчээр аюулгүй, үр дүнтэй хэдэн сая тун вакцин бэлэн болон гэсэн. Харин нийтээр нь тарилгад хамрагдуулах ажил амжилттай болбол ирэх оны дөрөвдүгээр сард л эхэлнэ гэжээ.
АНУ-ын Холбооны өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн захирал Роберт Редфилдийн хувьд арай цааш хугацааг нэрлэж байна. Тэрбээр коронавирусийг вакциныг 2021 оны хоёрдугаар хагаст нийтийн хүртээл болно гэжээ.
Их Британи: Сайн дурынхныг ковидоор халдварлуулж байна
Английг коронавирусийн эсрэг вакцины мэдээний дэлхийн гол үүсвэр гэж нэрлэж болно. Тус улс тарилгаа аль болох хурдан туршихын тулд сайн дурынханд зориудаар ковидоор халдварлуулна гэж мэдэгдсэн нь дуулиан тарьсан байдаг.
Судалгааг 2021 оны нэгдүгээр сард явуулахаар төлөвлөж байна. Нийт 2000 хүн оролцохоо зөвшөөрчээ. Сайн дурынхан залуу, эрүүл байх ёстой бөгөөд коронавирусээс гадна 4000 фунтын шагнал авах юм байна. Тарилга хийлгээд, сарын дараа халдварт өртүүлж, тусгай клиникт ажиглана гэжээ.
Гэхдээ туршилтад оролцогчид ямар вакцин хийлгэх нь одоогоор тодорхойгүй байна. Хамгийн сүүлчийн мэдээллээр хүмүүс дээр хийх клиник туршилтад “Оксфорд”-ын тарилга, Лондоны ЭЗэн хааны коллежийн туршилтын РНК вакцин оролцох юм байна.
Гаж нөлөө үүсэн тохиолдлууд
Коронавирусийн тарилгууд дотроос Британи-Шведийн AstraZeneca компани Оксфордын их сургуулийнхантай хамтран боловсруулсан вакцин гаж нөлөөгөөрөө нэлээд дуулиан тарьсан. Гэхдээ клиникийн судалгааг нь илүү шударга, ил тод явуулснаас гаж нөлөө нь нийтэд илэрсэн байж магадгүй гэж шинжээчид тэмдэглэж байна.
– AstraZeneca компани долдугаар сард хүмүүс дээр туршилт явуулах ажиллагаагаа зогсоосон. Учир нь сайн дурын нэг хүнээс нь мэдрэл, нугасны хатуурал өвчин илэрсэн. Эмнэлгийн шинжилгээгээр уг өвчин нь тарилгатай холбоогүй болох нь батлагдаж, туршилтыг дахин үргэлжлүүлж эхэлжээ.
– Есдүгээр сард Их Британийн сайн дурын нэгэн эмэгтэйгээс тархины ховор төрлийн үрэвсэл илэрсэн байна. Клиникийн судалгааг дахин зогсоосон. Ийм өвчин вакцин хийсний үр дагавар байх бүрэн магадлалтай гэж мэдэгдсэн байна. AstraZeneca компани эцсийн онош гараагүй, туршилтыг түр зогсоосон аж.
– Аравдугаар сарын 24-нд “Оксфордын вакцин”-ы туршилтыг дахин үргэлжлүүлжээ. Клиникийн туршилтын 3-р шатанд АНУ, Их Британи, ӨАБНУ, Бразилийн 30 мянга орчим хүн оролцсон аж.
– Өмнөд Африкийн улсад нэгэн золгүй тохиолдол болжээ. Туршилтад оролцогч, 28 настай Бразил эмч энэ сарын 15-нд гэнэт нас барсан байна. Мэдээлэл нь одоогоор зөрүүтэй байна. Энэ залууг архаг хууч өвчингүй байсан ч ковидын хүндрэлээр нас барсан гэж мэдээлж байна. Харин Bloomberg агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр, нас барсан энэ эр үнэндээ вакцин бус, эхэс хэрэглэсэн гэсэн. AstraZeneca компани энэ асуудлаар тайлбар хийхээс татгалзсан байна.
– Johnson&Johnson-ынх бас гаж нөлөөгүй өнгөрөөгүй юм. Туршилтын 3-р шатаа есдүгээр сард эхэлсэн ч аравдугаар сард дуусгахаас өөр аргагүй болсон аж. “Судалгаанд оролцогчийн тайлагдашгүй өвчний улмаас клиникийн туршилтыг цаашид хэрэглэхээ түр зогсоолоо” гэж энэ компаниас мэдэгджээ. Харин ямар өвчин үүссэн нь нууц хэвээр үлдсэн байна.
Эх сурвалж: kp.ru
Орчуулагч: Марта