АТГ-ын Мөрдөн шалгах албанаас “Салхитын мөнгөний орд”-ын эзэмшигч нартай холбоотой хэргээр 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, нэр бүхий таван иргэнийг саатуулан баривчилсан байдаг.
Улмаар тэдний дунд гавьяат хуульч Л.Бямбаа агсан байсан ба тухайн өдөр мөрдөн шалгах албаныхан талийгаачийн зуслангийн байр, гэр болон ажлын байр болох “Консент” хуулийн фирмийн оффист нэгжлэг явуулж, хэрэгт холбоотой нотлох баримтуудыг хураан авсан юм.
Түүнчлэн Л.Бямбааг эрүүгийн хоёр ч хэрэгт холбогдуулан, яллагдагчаар татаж 48 цаг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Харин түүнийг суллах үед амралтын өдөр таарсан учир прокуророос яллагдагчийг суллах тогтоол үйлдэн, хорих ангиас гаргахаар очиход Л.Бямбаа нь амиа алдсан байсан юм.
Тэгвэл Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Г.Сүхболд нарын таван шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар /хууль сахиулагч үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон/ яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны арваннэгдүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд хянан хэлэлцээд “шүүгдэгч нарын үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон” гэсэн хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж “гэмт хэргийн шинжгүй “ үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.