Гадаад харилцааны сайд Н.Энхтайван гадаад харилцааны чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
/Гадаад харилцааны сайд Н.Энхтайван/
Тэрбээр “Гадаад харилцааны яаманд ажиллаж буй хүмүүс хууль бус үйлдэлтэй нэр холбогдсон хэрэг нэг биш удаа гарсан. Иймээс дипломат албанд сахилга хариуцлагыг эрс нэмэгдүүлж хууль зөрчсөн тохиолдолд хатуу арга хэмжээ авна. Дипломат албаны дүрэм гэдгийг шинээр баталсан. Үүнийг хатуу нягт хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Түүнчлэн дипломат паспортыг цэгцэлж байна. Өнгөрсөн сард нийт 6000 гаруй дипломат болон албан паспортыг хүчингүй болгосон. Мөн дипломат машины дугаарыг чиптэй болгосон. Аль нэг дипломат төлөөлөгчийн газар ажиллаж буй хүмүүс нэг сараас илүү хугацаагаар гадаадад зорчсон тохиолдолд дипломат төлөөлөгчийн газар болон Гадаад харилцааны яаманд мэдээлэх үүрэг хүлээхээр болсон гэлээ.
Тэрбээр, манай улс 192 улстай дипломат харилцаатай. Мөн 78 олон улсын байгууллагатай хамтын ажиллагаатай. Ирэх онд хугацаа нь дуусах 10 гаруй Элчин сайд байгаа. Тэгэхээр нийтдээ энэ оны төгсгөл, ирэх оны эхэнд 30 орчим Элчин сайдын томилгооны асуудал яригдана” гэлээ.
Л.Баяр