Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрбээр энэ үеэр олон нийтийн сүлжээгээр халдварыг дотроо алдсан мэт ташаа мэдээлэл тарж байгаад харамсаж байгаа талаар мэдээлэл хүргэлээ.
Тэрбээр хэлэхдээ “Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр халдварыг дотроо алдсан мэт ташаа мэдээлэл тарж байгаад харамсаж байна. Сайн сайхныг ярих байтал буруу ташаа мэдээлэл тараах нь бидний хувьд маш буруу юм. Энэ бол дархлааг сулруулж, олон хүнийг айдаст автуулж байна. Тиймээс эерэг хандлагатай байхыг хүсье. Баян-Өлгийн боомтоор орж ирэх гэж байсан ОХУ-ын ачаа тээврийн хоёр жолоочийн тэр даруй холбогдох хүмүүстэй дипломат болон хилийн хяналтын шугамаар ярилцаж буцаасан юм. Тэр хоёр орос Монголын гүн руу ороогүй. Тухайн ОХУ-ын халдвар авсан хоёр жолооч манай улсын баруун хязгаараар нэвтэрч орж ирээгүйг дахин хэлье.
Ер нь бүх боомтууд дээр хяналтыг чангатгахаар зохион байгуулж байна. ОХУ-д өвчлөл ихэссэнтэй холбоотойгоор Алтанбулаг боомтоор орж ирэх ачаа тээврийн жолооч нарыг Дархан, Улаанбаатар руу нэвтрүүлэхгүй байхаар гэрээ хийж байгаа. Энэ нь арванхоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тиймээс гадаад улсын жолооч нар Монголын хил рүү орж ирэх асуудал байхгүй” гэлээ.
Импортлогч аж ахуйн нэгжүүдэд хандан, 12 дугаар сарын 1-нээс эхлэн Алтанбулаг боомтод тусгай бэлтгэсэн халдваргүйтгэлийн талбай болон бусад бэлдсэн талбайгаас сэлгэн ачилт хийгдэх болжээ.
Л.Баяр