Гэр хорооллын айл өрхийн цахилгаан, эрчим хүчний шөнийн тарифыг 11 дүгээр сарын 1-нээс эхлэн 100 хувь чөлөөлж байна.
Өмнөх жилүүдэд цахилгаан эрчим хүчний тарифыг 50 хувиар бууруулан хөнгөлж байсан бол энэ оноос 100 хувьийн хөнгөлөлттэйгөөр чөлөөлөх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гарган үйлчилж эхэллээ. Мөн нийслэлийн гэр хорооллоос гадна аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын агаарын бохирдлыг бууруулах, айл өрхөд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор цахилгаан, эрчим хүчний үнэ төлбөр, тарифыг чөлөөлөхөөр болсон. Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хотод 117 мянган айл өрх, 21 аймгийн төв, Сэлэнгэ аймгийн Мандал, Өвөрхангай аймгийн Хархорин, Дорноговь аймгийн Замын-Үүд зэрэг 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газруудад 72 мянган айл өрх, нийт 189 мянган гэр хорооллын айл өрх 100 хувийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд өнөөдрөөс эхлэн хамрагдаж байна.
Засгийн газрын журмын дагуу стандартын шаардлага хангасан баталгаажсан тарифт тоолууртай, цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй гэр хорооллын хэрэглэгчид 21.00 цагаас өглөөний 06.00 цагт хүртэл цахилгааны тарифын хөнгөлөлт чөлөөлтөд хамрагдах юм. Гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний тарифыг чөлөөлснөөр 220 В-ын хүчдэлийн түвшинтэй нэг өрх сард дунджаар 80.000 төгрөгийн, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй өрх сард дунджаар 160.000 гаруй төгрөгийн хөнгөлөлт авах бүрэн боломж бүрдэж байна.
Энэ өвөл, хаврын цахилгааны тарифын хөнгөлөлтөд 4.7 тэрбум төгрөг зарцуулагдах талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлж байна.