Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр байгаль орчин, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаатай ажиллаж байна.
БОАЖЯ 121 албан хаагчийн орон тоотой 7 газар, 7 хэлтэстэй ажиллаж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн 34 захиргаа ажилладаг. УЦУОШГ, нөгөөх нь шинээр байгуулагдсан Усны газар гэсэн хоёр агентлагтай гэх мэтээр салбарын сайд Д.Сарангэрэл товч танилцуулав.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх байгаль орчны салбарын албан хаагчдад хандаж хэлсэн үгэндээ:
“Байгаль орчин байхгүйгээр ямар нэгэн амьдралын тухай ярих арга байхгүй. Бидний амьдралын үндэс. Энэ чухал ажлыг хийж хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж яваа хүмүүс бол та нар. Дэлхий дахин тархаад байгаа ковид-19 халдвар хүн төрөлхтнийг байгаль орчноо хамгаал, байгалийн хууль болон байгалтай зохицон амьдрахыг их дэлхий бидэнд сануулж байна гэж би ойлгож байна. Бэлчээрийн даац ихсээд ирэхээр байгаль дэлхийд зуд турьхан болж бэлчээрийн даацаа өөрөө тохируулж өгдөг. Үүнтэй адил хүн төрөлхтөн байгаль ертөнцтэй хүүгийн ёсоор харьцахгүй бол, эх дэлхийгээ ээж харахгүй бол байгаль дэлхий хүн төрөлхтөндөө ямар нэгэн байдлаар тооцоо боддог гэдгийг энэ цар тахал харуулж байна гэж би хувьдаа боддог. Сүүлийн 30 жил бид амьдрахын тулд их дэлхийгээ их мөлжсөн. Үүний балгаар эх дэлхийн эко систем ямар байдалд орсныг бид нүдээрээ үзэж биеэрээ амсаж байна. Ирэх 30 жил бол эко системээ хадгалах хамгаалах жилүүд байх ёстой” гэлээ.
-Засгийн газар хур тундасны усыг хуримтлуулах, урсцыг нь тохируулах цогцолборуудыг байгуулах урсцын хэсгийг говь руу чиглүүлэн гүний усаа хамгаалахад онцгой ач холбогдол өгч байгаа. Эрдэнэ бүрэнгийн цахилгаан станц энэ хавраас баригдаж эхэлнэ. Энэ онд Онги голын урсцыг сайжруулах төсөл улсын төсвөөр хийгдэж байгаа.
– Улаанбаатар хотын утааг арилгахаас гадна аймгуудын утааг бууруулахад анхаарахаас аргагүй болсон. Одоо дийлэнх аймаг утаатай болсон. Нийслэлийн агаарын бохирдол өнгөрсөн жил 50 хувь буурсан. Сүүлийн 20 жил бид агаарын бохирдлыг ярьсан. Хамгийн гол нь түлш юм гээд түлшиндээ анхаарсан. Ирэх дөрвөн жилд 80 хувь хүртэл бууруулах зорилт тавьсан. 11 сарын 12 -нд сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэр налайх дүүрэгт ашиглалтад орно. Мөн 10.000 дээш өрхтэй хот суурин газрын шөнө ашигласан цахилгааныг 100 хувь тэглэх гэж байна.
– “Яндангаа хөөлье” аяныг сайн зохион байгуулж, үр дүнтэй ажилласан. Улаанбаатар бол хогондоо дарагдсан хот болсон. Хогны үйлдвэр зайлшгүй хэрэгтэй. Хогны үйлдвэр ашигтай, ашиггүй ажиллах нь чухал биш. Хогны үйлдвэрийн үр ашгийг шууд бус дам утгаар нь ойлгох хэрэгтэй. Мөн хог хаяхгүй байх соён гэгээрлийн ажлыг сайн хийх хэрэгтэй. Хог хаяна гэдэг хүний ухамсрын асуудал. Өнгөрсөн жилүүдэд бид ард түмнийхээ соён гэгээрлийг орхигдуулсан” гэлээ.
Л.Баяр