“Ковид-19” цар тахлын улмаас агаарын тээврийн салбарт үүссэн эдийн засгийн хүндрэлийг даван туулах, агаарын тээвэрлэгчдийн санхүүгийн хүндрэлийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанд танилцууллаа.
Агаарын тээврийн салбарт үүссэн эдийн засгийн хүндрэлийн талаар Засгийн газрын хуралдаанаар энэ оны дөрөвдүгээр сард хэлэлцэж, “Агаарын тээврийн салбарт авах зарим арга хэмжээний тухай” 137 дугаар тогтоол гаргасан.
Тогтоолын дагуу “МИАТ” ТӨХК-ийн төрийн өмчийн ногдол ашгийн 2018 оны өглөгийг чөлөөлж, 2019 оны ногдол ашгийг хуваарилахгүй байхаар шийдвэрлэсэн. Мөн “МИАТ” ТӨХК болон хуваарьт нислэг гүйцэтгэж буй хувийн гурван агаарын тээвэрлэгчийн агаарын навигацийн үйлчилгээний хураамжийн хуримтлагдсан өрийг чөлөөлжээ.
Энэ оны гуравдугаар улирлын байдлаар агаарын тээврээр олон улсад 151.9 мянга, орон нутагт 239.3 мянга, нийт 391.2 мянган зорчигч тээвэрлэлсэн нь өмнөх оны мөн үеэс олон улсын зорчигч 84 хувиар, орон нутгийн зорчигч 27 хувиар буюу дунджаар 69 хувиар буурсан. Орон нутгийн хуваарьт нислэгээр 56.6 мянган зорчигч тээвэрлэсэн өмнөх оны (2019 онд 90.2 мянга) мөн үеэс 33.6 мянгаар буюу 37 хувиар буурсан. Уул уурхайн захиалгат нислэгээр 182.7 зорчигч тээвэрлэсэн өмнөх оны (2019 онд 239.2 мянга) мөн үеэс 56.5 мянгаар буюу 24 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Агаарын тээвэрлэгчдийн орлого 2020 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 305.8 тэрбум төгрөгөөр, 2020 оны ХБГ-ээр 401.9 тэрбум төгрөгөөр буурахаар байна.
Хуваарьт нислэг үйлддэг дотоодын 4 агаарын тээвэрлэгч компанид нийт 301.8 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай, үүнээс 2020 онд 204.7 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гараад байна.
Эдгээр агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг дэмжих зорилгоор нэн тэргүүнд нийт 175.0 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийг гадаад дотоодын банк, санхүүгийн байгууллага, хандивлагч улсын тусламж, хөнгөлттэй зээл зэрэг эх үүсвэрээс тусгайлан шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа бөгөөд хуралдаанаас дээрх санхүүгийн эх үүсвэрийг тодорхойлох асуудлыг судлан, саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооноос агаарын тээврийн салбар сэргэж тогтворжиход хүндрэлтэй бөгөөд нислэгийн үйл ажиллагаа 2021 оны эхний хагаст сэргэхэд 2024 онд өнгөрсөн оны хэмжээнд хүрэх төлөвтэй гэж мэдэгдсэн.
Тус холбооноос энэ 5 дугаар сард гаргасан тайландаа дэлхийн даяар агаарын тээврийн компаниудад Засгийн газраас нь 123 тэрбум ам.долларын тусламж, үүнээс буцалтгүй тусламж хэлбэрээр олгосон 56 тэрбум ам.доллар бодит дэмжлэг болсон, эргэн төлөх нөхцөлтэй олгосон 67 тэрбум ам.долларын зээл нь урт хугацаандаа өрийн дарамтанд оруулж байгаа тул үр дүнтэй дэмжлэг болж чадахгүй байна гэж дүгнэжээ.
АНУ ба Франц, Япон, Герман улсын засгийн газраас 2019 оны бүтэн жилийн борлуулалтын 20-36 хувь, Япон Улс 22.1 хувь, Өмнөд Солонгос Улс 11.6 хувь, Сингапур Улс 4.0 хувьтай тэнцэхүйц хэмжээний тусламжийг агаарын тээвэрлэгчдэдээ олгосон.
ОХУ-ын Засгийн газраас агаарын тээвэрлэгчдэд 23,4 тэрбум рублийн нөхөн олговор хуваарилж, үүнээс 9.45 тэрбум рублийг 18 агаарын тээвэрлэгчид 2-4 дүгээр сард тийз буцаасан, зорчигч буурсантай холбогдуулан олгожээ. Тус улсын агаарын тээвэрлэгчдийн холбооноос дахин 50 тэрбум рублийн нөхөн олговор авах хүсэлт Засгийн газартаа гаргасан байна.
Эх сурвалж: ЗТХЯ