Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Монголросцветмет” нэгдлийн Үйлдвэр эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байхдаа хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөр болох 10.7 сая төгрөгийг байгууллагаар төлүүлсэн баримтад олонд ил болсон юм.
Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсэх Г.Ёндон сайдад сануулга өгсөн байна. Нийгэм гараад байгаа асуудал нь сайдаар томилогдохоос өмнө гарсан үйлдэл учраас одоогийн албан тушаалтай нь холбож хариуцлага тоохгүй байхаар болжээ. Харин хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлсэн эх үүсвэрийг буцаан төлөх чиглэлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өгчээ.
Тэрбээр өмнө нь тайлбар хэлэхдээ “Монголросцветмет” ТӨҮГ бол улсын төсөвтэй хамаагүй, ашгийн төлөө байгууллага. Байгууллага ашигтай ажиллавал хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх журам Монголросцветмет нэгдэлд 2000 оны эхэн үеэс хэрэгжиж байгаа. Компани ашиггүй ажилласан болон зорилтот түвшиндээ хүрээгүй бол урамшуулал, хөнгөлөлт олгодоггүй. Тэр утгаараа 2012 оноос хойш таван жилийн хугацаанд олгоогүй. Би 1999 оноос хойш Монголросцветмет нэгдэл ажиллаж байгаад дунд нь нэг жил “Эрдэнэт үйлдвэр”-т ажилласан. 2018 оны 4-р сарын 25-нд гэрээ байгуулж, эргээд тус нэгдлийн Үйлдвэрлэл эрхэлсэн гүйцэтгэх захирлаар томилогдсон.Өндөр цалин, урамшуулал авахын зэрэгцээ компанийг ашигтай ажиллуулах, менежментийг сайжруулах, засаглалыг зөв тийш нь чиглүүлэх, улсад төлдөг татварыг нэмэгдүүлэх зэрэгт илүү анхаарал хандуулж ажиллана. Тэгэхээр Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авсан урамшуулал юм. Би хувь хүний хувьд болохгүй зүйл хийсэн гэж үзэхгүй байна” гэж байсан билээ.
Л.Баяр