С.Зориг агсны хэргийн шүүх хуралд хохирогчоор Б.Булган оролцож байна

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэргийг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг тулгасан гэх хэргийн шүүх хурал эхэллээ. Уг шүүх хуралд талийгаачийн гэргий Б.Булган, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хохирогчоор оролцож байна.
Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг /Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих/-ийн 133.1, 251 дүгээр зүйл /Эрүү шүүлт тулгах/-д заасан гэмт хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурц, О.Бямбажав, Ерөнхий прокурор асан Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж буй юм. Тус шүүх хуралд Улсын яллагчаар Б.Батсайхан прокурор, хохирогчоор Б.Булган, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар оролцож буй юм.
Эргэн сануулахад, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт оролцсон Ц.Амгаланбаатар болон бусад этгээдээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг зодуулж, дарамтлуулсан талаарх бичлэгийг өмнө нь зарим улстөрчид нийтэд ил болгож, хүчээр хэрэг хүлээлгэсэн гэж тодорхой албан тушаалтнуудыг буруутгаж байсан юм.