НҮБ-ын байгаль орчны хөтөлбөр (UNEP) байгууллага өчигдөр /2020.10.27/ хуучин автомашины экспортын томоохон судалгааныхаа тайлангаа танилцуулжээ.
Европ, Япон, АНУ зэрэг томоохон үйлдвэрлэгч орнуудаас буурай хөгжилтэй улс орнуудад сая сая хуучин автомашин худалдаалагдаж байгаа нь тэдгээр орнуудын агаарыг бохирдуулах нэг том хүчин зүйл болж байгааг тус тайланд дурджээ. Дэлхийн нийт хуучин автомашины экспортын 54 хувийг Европ, 27 хувийг Япон, 18 хувийг АНУ эзэлж байна.
Монгол Улс 2017 онд 29,467 гибрид болон цахилгаан хөдөлгүүртэй хуучин автомашиныг Япон улсаас импортолсон бол 2018 онд 37,136 гибрид болон цахилгаан хөдөлгүүртэй автомашиныг импортлосон байна.
Мөн Монгол Улсыг автомашины насжилтад хязгаар тавьдаггүй, агаарын бохирдлын стандартгүй, импортын автомашиныг зохицуулах бодлого сул хэмээн дүгнэсэн байна.
Монгол Улс нь 2017, 2018 онуудад Япон улсаас хамгийн олон гибрид болон цахилгаан хөдөлгүүртэй хуучин автомашин импортолсон улс болжээ. Монголын замын хөдөлгөөнд оролцож буй “Toyota Prius” загварын автомашинуудын 99 хувь нь Япон улсаас импортолсон хуучин машин байгаа бол тус улсаас импортолсон нийт автомашинуудын талаас илүү нь “Toyota Prius” байгаа аж.
Түүнчлэн Монголд гибрид хөдөлгүүртэй хуучин автомашины импорт 2012-2016 онд гурав дахин өссөн бол дизель хөдөлгүүртэй автомашины тоо мөн хувиар буурсаныг онцолжээ. Үүний гол шалтгаан нь Монгол Улс импортын хуучин автомашинаас ямар нэг нэмэлт татвар авдаггүй явдал юм хэмээн бичсэн байна.
Дэлхий нийтийн хувьд 2015-2018 оны хооронд өндөр хөгжилтэй орнуудаас нийтдээ 14 сая орчим хуучин автомашиныг дундаас доош орлоготой орнууд импортолжээ. Үүний 80 орчим хувь нь суудлын автомашин байгаа аж. Хуучин автомашины хамгийн том экспортлогч нь Европын Холбоо бөгөөд нийтдээ 7.5 сая машиныг экспортолсон байна. Харин импортлогч орнууд нь ихэвчлэн умард болон баруун Африкийн улсууд байна.
Эх сурвалж : Н.Амгалантуул : NEWS.MN