АНУ-ын Орегон мужийн Портланд хотын Орегоны шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн музейд энэ сарын 24-нд “Чингис хааны амьдрал ба өв залгамжлал” үзэсгэлэн дэлгэгджээ. Тус үзэсгэлэн 2021 оны хоёрдугаар сарын 15 хүртэл олны хүртээл болох аж.

Тус үзэсгэлэн Орегоны музейн 2 давхрыг бүрэн хамарсан баялаг зургаан томоохон хэсгээс бүрдсэн үзэсгэлэн болжээ.

Үзэсгэлэнд:

“Бэлчээр”- Төв Азийн нүүдэлчдийн өдөр тутмын амьдралын хэв маяг, Чингис хааны дайснууддаа хөөгдөж явсан эрт үеийг харуулсан хэсэг. Уг хэсэгт Монгол гэр барьсан бөгөөд музейн үзэгчид дотор нь орж, монголчуудын амьдралын хэв маягтай бодитоор танилцах боломжтой аж.

“Монголчуудын хүчирхэгжил”- Бүхний хүндлэл хүлээсэн залуухан эзэн хаан хэрхэн тархай, бутархай овог аймгуудыг нэгтгэж, дэлхийд гайхагдсан морин цэргийг бүрдүүлсэн тухай өгүүлэх хэсэг. Энэ хэсгээс түүхэн дэх бусад бүх эзэнт гүрнээс дөрөв дахин их газар нутгийг захирахдаа Чингис хааны ашиглаж байсан морьтны соёл, тухайн үеийн зэвсгийн шинэ инновацийг судлах боломжтой юм байна.

“Ханан хот”- Чингис хааны дараа түүний өв залгамжлагч (Өгөдэй) Хархорум хотыг эзэнт гүрнийхээ нийслэл болгож, хана, хэрэм босгожээ. Монголчууд дэлхийн өнцөг булан бүр дэх дайснуудаа дарж дуусаад, дайн дажин намдахын хэрээр нийслэлд нь урлаг, соёл, олон янзын шашин цэцэглэн хөгжиж, тэдний ахуй хэрхэн өөрчлөгдсөнийг энэ хэсэгт харуулах аж.

Торгоны зам: Их эзэн Чингис хаан хэрхэн харгис хэрцгий дайчин мэт хэрнэ ухаалаг төрийн зүтгэлтэн, нинжин сэтгэлтэй удирдагч байсныг харуулсан ажээ.

Саяхан Франц улсын Нант хотын музейгээс Чингис хаан болон Монголын эзэнт гүрний тухай үзэсгэлэн гаргахаар төлөвлөөд байсан ч Хятадын засгийн газрын шахалттай тулгаран хойшлуулсан билээ.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн