Батлан хамгаалах салбарын хувьд нарийн мэргэжлийн боловсон хүчний дутагдалтай байдаг. Тиймээс гадаадад нарийн мэргэжлээр 570 офицер суралцуулсан байна. Тэдгээр нь 2021 онд төгсөж ирнэ. Гэвч Улсын төсөвт тэдний цалинг тусгаагүй тухай асуудал УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр хөндөгдөв.
УИХ-ын гишүүн Н.Энхболд: Жил болгон үүсдэг нэг асуудал байдаг юм. Батлан хамгаалах тогтолцоо орон нутгийн хамгаалалт мэргэжлийн цэрэг, дайчилгааны тогтолцоон дээр тулгуурласан бүтэцтэй байдаг. Энэ дотроо гол үүргийг мэргэжлийн цэрэг гүйцэтгэдэг. Харамсалтай нь одоо жилийн дотор юу өөрчлөгдөв гэж. Хуулиар батлагдсан тооцоо судалгааг нь хийгээд энх цагтаа бид мэргэжлийн цэрэг боловсон хүчинтэй байна гэсэн нормотив хүрдэггүй, байнга дутагдалтай, 60-70 хувийн хангалттай, зарим газраа үүнээс ч бага.
Ялангуяа нарийн мэргэжлийн цэргийн хангамж нэлээн дутагдалтай байдаг. Үүнийг нөхөх зорилгоор жил бүр цэргийн алба хаагчдаас гадаад дотоодын мэргэжлийн сургуульд сургадаг.
2021 онд 670 орчим хүн гадаадын болон дотоодын цэргийн мэргэжлийн сургуулиудаас ирнэ. Энэ хүмүүсийн цалин төсөвт тусахгүй байгааг ойлгохгүй байна. Тэгвэл яахаараа энэ хүмүүсийг тангараг өргүүлж, цэргийн албанд татаж, чи эх оронд хэрэгтэй байна. Ирээд ийм ажил гүйцэтгэнэ. Ирээд л тушаалын дагуу яв гэсэн газар руу явна энэ улсууд чинь.
Тэр хүмүүсийн ажиллах цалинг төсөвт тусгаагүй байна гэдэг чинь сонин юм дуулдаж байх юм. Яагаад ийм байдалтай байгаа юм. Хоёр жилийн өмнө бас ийм асуудал гарч, би сайд байхдаа бөөн хэрүүл маргаан болж байж гүйцээсэн санагдаж байна. Одоо дахиад 670 хүн. Энэ хүмүүсийг ирэхээр яах вэ?
Та нар амь амиа бод. Цалин байхгүй гээд явуулчих юм уу. Энэ чинь арай жаахан онцлогтой салбар ш дээ. Тушаалаар яваад өгсөн. Ирээд би ийм ажил хийнэ. Яв гэсэн газар нь явна гээд бэлдээд байж байдаг.
Ирэхээр нь цалингүй. Та нар дуртай газраа яв гээд орхиж огт болохгүй хүмүүс байхгүй юу. Үүнийг шийдэх ямар арга бололцоо байна. Яам өөрөө яагаад Засгийн газарт оруулахдаа энэ тооцоогоо танилцуулаагүй, өгүүлээгүй байдаг юм. Өгсөн бол энэ олон хүнийг яаж шийднэ гэж бодож Сангийн яам Засаг даар ярьж шийдүүлсэн байдаг юм. Энэ асуудал дээр тайлбар авмаар байна.
Үүнийг ингээд тэр чигт нь орхиод явчихвал. 670 мэргэжлийн офицер, цэргүүд ирээд хувцасаа тайлж тавиад л явах нь л дээ. Хамгийн гол нь тэд нарийг яв гээд явуулчихсан ш дээ. Мэдлээ гүйцэтгэе гээд л явсан. Ирэхээр нь ийм байж огт болохгүй. Яагаад ийм байдалд хүрэв. Шийдэх ямар арга, боломж байна. Байнгын хорооны гишүүдийг энэ асуудалд бас анхаараасай гэж бодож байна.
Байнгын хорооны зүгээс энэ асуудлыг шийдэх арга замыг нь олж, тодорхойлж, Төсвийн байнгын хороогоор хүргүүлэх саналаараа хүргүүлэхгүй бол ийм байж таарахгүй. Энэ асуултад хариулт авъя.
Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа н.Ганхуяг: Бодлогоор анх цэргийн сургуульд элссэн офицер 4 жил суралцаад, зарим нь 5 жил суралцаад төгсөөд ирж байгаа. Энэ цагалбараараа төгсөж ирж байгаа. Бид төсвийн төсөлд тусгаад явж байсан. Тэгээд одоо энэ дүн хасагдсан байгаа. Ер нь батлан хамгаалах салбарын төсвийн 80-90 хувийг цалин эзэлж байна. Бид цалингаа тавьж байна. Тогтмол зардлаа төлж байна. Иймэрхүү байдлаар явж байгаа.
Сангийн яам: Ер нь энэ асуудлыг сургуульд шинээр оюутан элсүүлэх, суралцуулах асуудалтайгаа уялдуулж явахгүй бол жил болгон өөрөөр хэлбэл энэ сурч байгаа хүний тоогоор батлан хамгаалахын орон тоо нэмэгдээд л явна. Тэгэхээр энэ асуудлаа өөрийн хэрэгцээн дээр үндэслээд яваач гэсэн байр суурьтай байна. Хууль зүйн салбарт яг ийм зарчим баримтлаад явж байгаа.
Н.Энхболд: Батлан хамгаалах яамнаас жил жилдээ тэтгэвэртээ гаргах хүнийг тооцоод л, тэрийгээ хасаад зөрүүг нь гаргаад шинээр ирэх нь энэ гээд гаргаад явдаг ш дээ. Тийм юмаа хийгээгүй юм уу н.Ганхуяг аа?
Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа н.Ганхуяг: Ер нь энэ тооцоолол дээр явж байгаа. Энэ жил бүтээн байгуулалттай холбоотойгоор 320 орчим хүн нарийн мэргэжлийн улсуудыг ахлагч, офицерийн албанд авч байж, бүтээн байгуулалтын ажил явагдаж байгаа. Энэ тоо бас нөлөөлсөн.
Тэтгэвэрт гарсан хүнийг тооцоод бид нар хоёр талдаа бол нөгөө талаасаа төгсөж, ирэх хүнээ тооцож хийсэн. Гэтэл дундуур бүтээн байгуулалтад шаардлагатай хүмүүсийг авсан учраас энэ тоо 570 болж харагдаж байгаа.
Батлан хамгаалахын сайдын 2021 оны төсвийн төсөлд нийт зарлага ба цэвэр зээлийг 286.6 тэрбум төгрөг төсөвлөсөн нь 2020 онтой харьцуулахад 1.0 тэрбум төгрөгөөр буурсан байна.
Батлан хамгаалах салбарын хувьд нарийн мэргэжлийн боловсон хүчний дутагдалтай байдаг. 2021 онд гадаадад нарийн мэргэжлээр суралцаж байгаа 570 офицер төгсөж ирнэ. Үүнтэй холбоотойгоор 2.7 тэрбум төгрөгийн цалингийн дутагдал үүсэж байгааг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг хэлж байв.
Тиймээс Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболдоос “2021 онд гадаад дотоодын академи, их дээд сургууль төгссөн, төгсөн ирэх цэргийн албан хаагчдын цалин хөлс, эрүүл мэндийн даатгалын шимтгэлд шаардагдах 2.7 тэрбум төгрөгийн асуудлыг нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр шийдвэрлэх” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргаж, саналын томьёоллыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувийн саналаар дэмжжээ.
Ямартай ч Засгийн газар Батлан хамгаалах салбарын нарийн мэргэжлийн боловсон хүчнээсээ “цалин” харамласан энэхүү асуудал хэрхэн шийдэгдэхийг харах үлдэж байна.
Н.ЦЭНДБАТ