Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд байгаль орчны салбарт сүүлийн 20 жилийн хугацаанд техникийн болон санхүүгийн хамтын ажиллагааны олон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа.
Үүний нэг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Германы сэргээн босголт, зээлийн банк (KFW)-тай хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл юм.
Өнөөдөр төслийн хүрээнд монгол орны Тусгай хамгаалалттай газар нутгийн Дорнод Монгол, Улаан тайга, Хан Хэнтий, Отгонтэнгэр, Зэд-Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газар, Онон Балж, Горхи-Тэрэлж, Орхоны Хөндий, Тарвагатайн нуруу, Хангайн нуруу, Хустайн нурууны байгалийн цогцолбор газрууд зэрэг дэд төсөл хэрэгжиж байгаа 11 хамгаалалтын захиргаадын Орчны бүсийн 16 сумдад иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн 16 автомашинийг хүлээлгэн өглөө.
Ингэснээр тухайн сумын иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагчдын эрүүл мэндийг хамгаалах, тэдэнд эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “Монгол Улсын хэмжээнд 34 улсын тусгай хамгаалалттай газар нутаг, 21 сав газрын захиргаад байдаг. Эдгээр газруудын байгаль хамгаалагчид 24 цагийн турш гадаад орчинд ажиллаж байгаль дэлхийгээ унаган чигээр нь авч үлдэхээр хөдөлмөрлөдөг.
Үүнээс гадна нутгийн ард иргэд ч байгаль дэлхийгээ хамгаалах, онгон дагшинаар нь үр хойчдоо өвлүүлэх үйлсэд гар бие оролцдог. Тэд маань харьцангуй алслагдсан газар нутагт ажиллаж амьдардаг учраас эмнэлгийн тусламж, үйлчилгээг ойртуулах шаардлатай үргэлж тулгардаг. Тиймээс өнөөдөр хангай, төв, зүүн бүсийн тусгай хамгаалалттай газар нутагт хамрагддаг 16 сумын эрүүл мэндийн төв иж бүрэн тоноглогдсон цоо шинэ автомашинуудыг гардуулж байна.
Цаашид бид тусгай хамгаалалттай газар нутгийн ард иргэдрүү чиглэсэн олон үйл ажиллагаануудыг явуулахаар төлөвлөж байна. Тухайлбал, аялал жуулчлалын үйлчилгээ, бүтээгдэхүүний чиглэлд сургалт зохион байгуулах, түүгээр дамжуулан орлогыг нь нэмэгдүүлэх зэрэг цогц арга хэмжээнүүдийг авах юм” гэв.
ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Михиал Сумсир “ХБНГУ-ын буцалтгүй тусламжаар санхүүжүүлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран хэрэгжүүлж байгаа энэхүү төсөл нь Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн чадавхийг сайжруулах, хэрэгцээтэй хөрөнгө оруулалтыг хийх, нутгийн иргэдийн амьдралыг сайжруулахад чиглэгдсэн төсөл юм.
Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийг дам утгаар нь хамгаалдаг нутгийн иргэдийн амьдрах орчин нөхцлийг сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулахад чиглэсэн ажлын хүрээнд өнөөдөр эдгээр түргэн тусламжийн автомашинуудыг 16 сумдад гардуулан өгч байна” гэлээ.
Эдгээр автомашиныг Завхан аймгийн Отгон, Улиастай, Их-Уул, Булган аймгийн Тэшиг, Архангай амйгийн Ихтамир, Хангай, Өвөрхангай аймгийн Хархорин, Хэнтий аймгийн Дадал, Хөвсгөл аймгийн Цагаан нуур, Улаан Уул, Төв аймгийн Эрдэнэ, Алтанбулаг, Дорнод аймгийн Матад, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Сэлэнгэ аймгийн Мандал зэрэг ТХГН-ийн орчны бүсийн 16 суманд хувиарлан хүргүүлж байгаа юм.
Төв аймгийн Эрдэнэ сумын Эрүүл мэндийн төвийн жолооч Б.Түмэндэлгэр “Миний хувьд сумынхаа Эрүүл мэндийн төвд 16 дахь жилдээ жилдээ жолоочоор ажиллаж байна. Манай нутаг 60 гаруй хувь нь ой модоор бүрхэгдэн хад чулуу, бартаа, шавар, ус ихтэй учраас түргэн тусламжийн дуудлага өгсөн иргэнийг авах, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх, тэр дундаа хэвтрийн өвчтнийг зөөвөрлөхөд маш их хүндрэлтэй байдаг.
Өнөөдөр бид иж бүрэн тоноглогдсон энэхүү түргэн тусламжийн автомашиныг гардан авснаар нутгийн иргэддээ эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх, газар дээр нь анхан шатны тусламж үзүүлж, эмчилгээ хийх гэх мэт олон сайхан өөрчлөлт гарах юм. Орон нутгийн иргэд өөрсдөө байгаль хамгаалагчдаасаа дутуугүй байгалиа хайрлаж, хамгаалдаг.
Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагчид, иргэдийн эрүүл мэндийн төлөө үр дүнтэй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Германы Сэргээн босголтын зээлийн банкинд баярлаж байгаагаа уламжлая” гэсэн юм.
“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн I шатанд 11,5 сая евро, II, III шатанд 27,5 сая евро буюу нийт 39 сая евроны буцалтгүй тусламжийг Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамнаас санхүүжүүлэн олгож байгаа билээ.
Эх сурвалж: БОАЖЯ