Аав, ээжүүдээ? Хүүхдийн хүмүүжлийн эерэг арга гэхээр таньд юу бодогдож байна вэ? Ихэнх монголчууд хүүхдийн хүмүүжил гэхээр алганы амт, таван салаа боов, аавын суран тэлээний амт гэж боддог. Мэдээж хүүхэд хүмүүжлийн маш хэрэгтэй сургаал номлол байдагч ихэнх хүмүүс дээрх байдлаар хүүхдээ хүмүүжүүлж ирсэн. Тэгвэл хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлж байна гээд зөнд нь хаяж, толгой дээрээ гаргана гэсэн ойлголт биш. Хүүхдэд юу ч байсан хамаагүй хүссэн бүхнээ гүйцэлдүүлэхийг эсвэл хүүхэд ямар нэгэн дагаж мөрдөх дүрэм журамгүй байх, түүнд хэмжээ хязгаар тогтоохгүй, шаардлага тавьдаггүй байлгана гэж ойлгож болохгүй. Тухайн тулгамдсан нөхцөл байдалд яаран хариу арга хэмжээ авах, эсвэл зодох цохих зэрэг шийтгэлийн оронд өөр шийтгэл хэрэглэх явдал бас биш
Тэгвэл хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга гэж юу вэ?
Хүүхдийг хувийн сахилгатай болоход нь дэмжих, туслах урт хугацааны шийдэл юм. Хүүхдээсээ хүсэн хүлээж байгаа зүйл, дүрэм журам, хэмжээ хязгаарыг түүнд ойлгуулах, таны зөв тодорхой харилцааг хэлнэ. Бие биенээ харилцан хүндэтгэсэн харилцааг хүүхэдтэйгээ хамт бий болгох явдал юм.
Хүнд хэцүү нөхцөл тулгарахад өөртөө итгэлтэйгээр даван туулах чадварыг хүүхэддээ зааж сургах тухай юм. Хүүхдээ биеэ зөв авч явах, хүчирхийлэл үл хэрэглэх, бусдын санаа бодлыг ойлгож хүлээн авах, өөрийгөө хүндэтгэх, хүний эрх болон бусдыг хүндэтгэн харьцах зан харилцаанд сургахыг хэлнэ.
Та дээрх хэдхэн өгүүлбэрийг уншаад танд юу бодогдсон бэ? Та хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг аав, ээж эсвэл ах, эгч, өвөө, эмээ вэ? Хүүхэд хүмүүжүүлэх энгийн арга тэдгээртэй ярилцаж, нөхөрлөж, ойлголцож цаашлаад сургах үйл явц гэж тодорхойлж болох. Товчхон тодорхойлох гээд оролдвол хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга гэдэг нь эцэг, эхийн хүүхэддээ хандах хандлага юм. Хүүхэд бүр алдаа хийдэг. Дүрсгүйтэж таныг уурлуулж бухимдуулж, байж суухын аргагүй гэр орныг нь буулгасан ч тэр болгоныг нь уучлаад хүүхэдтэйгээ ярилцахыг, ойлгуулахыг, зааж сургахыг, алдааг нь ухааруулахыг л эерэг хүмүүжил гэж ойлгох хэрэгтэй.
Эх сурвалж: Японы хүүхдийг ивээх сан “Хүмүүжлийн эерэг аргууд” номноос