Засгийн газраас 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг өчигдөр /2020.10.23/ Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Соёлын сайд С.Чулуун, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсыг Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав. Манай улсад орчин цагийн музей 1924 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар хуулийн этгээдийн бүртгэлтэй, төрийн өмчийн 12 музей, орон нутгийн өмчийн 24 музей үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Мөн их, дээд боловсролын байгууллагуудын дэргэд 16 бэсрэг музей, хувийн хэвшлийн 10 гаруй музей тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн, сум, дүүрэгт орон нутаг судлах, сурталчлах зориулалт бүхий 265 музей, үзвэрийн танхим байгаа аж.
Монгол Улсад музейн үйл ажиллагааг Соёлын тухай болон Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар ерөнхийлөн зохицуулж, Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан “Улс орон нутгийн чанартай музейн дүрэм”, “Музейн сан хөмрөгийн дүрэм” “Музейн сан хөмрөгийн бүртгэн баримтжуулалтын заавар” болон Музейн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, MNS 2006:5643 стандарт зэрэг баримт бичгээр музейн тодорхой үйл ажиллагааг тухайлан зохицуулдаг байна.
Дээрх хууль, эрх зүйн баримт бичгүүд нь музейн өмнө тулгамдаад байгаа хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зохион байгуулалт, салбар дундын түншлэл, техник технологийн хөгжүүлэлт, хүний нөөцийн хангамж, гадаад харилцааг хөгжүүлэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэж, музейн тогтвортой хөгжлийг дэмжих хөшүүрэг болж чадахгүй байгаа талаар Соёлын сайд танилцуулгадаа дурдсан.
Ялангуяа музейн үндсэн үйл ажиллагаатай нягт уялдаатай байдаг байгаль, соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын хууль, тогтоомжийг шинэчлэлийн хүрээнд музейн үйл ажиллагаатай холбоотой зохицуулалт тусгагдалгүй орхигдсоноос музейн нийгмийн хөгжил дэх оролцоог хангах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд бодит бэрхшээл учирч байгааг төслийн танилцуулгад дурдсан.
Иймээс Монгол Улсад музейн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндсийг бий болгон, музейн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, тогтвортой хөгжих боломжийг бүрдүүлсэн хууль, эрх зүйн орчин батлан хэрэгжүүлэхээр хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн нийтлэг үндэслэл хэсэгт хуулийн зорилгыг тодорхойлж, музейн тухай хууль тогтоомж, хамрах хүрээг тогтоож, хуульд хэрэглэсэн нэр томьёоны тайлбарыг, хоёрдугаар бүлэгт музейн ангилал, чиг үүрэг, үйл ажиллагааны зохион байгуулалттай холбогдсон зохицуулалтыг, гуравдугаар бүлэгт музейн сан хөмрөгийн асуудлыг, дөрөвдүгээр бүлэгт музейн аюулгүй байдлын асуудлыг, тавдугаар бүлэгт музейн ажилтны ёс зүйн асуудлыг тус тус оруулсан байна.
Хуулийн төслийг дагаж Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан байна.
Хууль батлагдан гарснаар өмчийн олон хэлбэрийн музей байгуулагдаж, түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлс болон соёлын үнэт зүйлсийг хадгалж хамгаалах, сурталчлах үйл ажиллагааны цар хүрээ, үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, музейн нийгэм, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх боломж бүрдэх аж.
Мөн соёлын өвийг хамгаалах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хэгжүүлэхтэй холбоотой Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд чухал түлхэц болно гэлээ.
Түүнчлэн, музейн үйл ажиллагааны зохион байгуулалтыг боловсронгуй болгох, музейн шинжлэх ухаан, боловсролын салбарт гүйцэтгэх үүрэг нэмэгдэх, иргэдийн музейгээр үйлчлүүлэх, ашиглах хандах хандлагад эерэг нөлөө үзүүлж, мэдлэг үйлдвэрлэх, түгээх орон зай болж хөгжих суурь тавигдана гэж үзжээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн байна.
Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг нар асуулт асууж, хариулт авлаа. Музейн асуудал нь соёл, боловсролын асуудал дунд орхигдсон, эрх зүйн зохицуулалтгүй явж ирсэн гэдгийг С.Чулуун сайд хариултынхаа үеэр хэллээ.
Ихэнх орон музейн тухай бие даасан хуультай байдаг аж. Цаашдаа музейн үйл ажиллагаа нь судалгааны эргэлтэд хувь нэмрээ оруулах, соён гэгээрэл, боловсролын төв болгох зорилгоор төсөлд холбогдох зохицуулалтыг тусгаж өгсөн гэв. Мөн музей бүр эрдэм шинжилгээний ажилтны орон тоотой байх, орчин үеийн хандлага, техник, технологийн дэвшлийг ашиглан виртуаль болгох, музейг үнэгүй болгох гэх зэрэг зохицуулалтууд туссан байна.
Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Мөнхцэцэг нар үг хэлж, байр сууриа илэрхийлснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.