Энэ жилийн улсын баяр наадмаар улсын харцага цол хүртсэн Б.Бат-Оршихын цолыг, үзүүрлэсэн улсын аварга Н.Батсуурьд олгосон чимгийг, шөвгөрсөн улсын арслан Р.Пүрэвдагвад олгосон чимгийг тус тус хураах, барилдах эрхийг нь 11 сараар хасах саналыг Бөхийн салбар хорооноос Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороонд хүргүүлжээ.
Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд тэргүүн Ц.Магалжав энэхүү шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа мэдэгдсэн бөгөөд одоогийн Бөхийн салбар хороог татан буулгах нь зүйтэй хэмээн үзэж байна.
Учир нь сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн эдгээр бөхчүүдийг Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор барилдахыг нь харах үзэгч түмэн олон байгаа учир 11 сараар барилдах эрхийг нь хасах нь зүйтэй гэж Бөхийн салбар хорооноос үзэж буй юм байна.
Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэмд:
- 9.3.5. сэргээш хэрэглэсэн нь олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бол тухайн бөхийн наадамд давсан давааг хүчингүй болгож, шинээр олгосон цолыг хураах, цол, чимэг авах даваанд уг бөхөд унасан бөхчүүдийг тухайн даваанд давснаар тооцож, зохих цол, чимгийг олгуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх
- 9.3.6. олон улсын эрх бүхий байгууллагаас гаргасан сэргээшийн жагсаалтад орсон хориотой эм, бэлдмэл, бодис хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тохиолдолд Салбар хорооны шийдвэрээр Үндэсний их баяр наадмын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмын дагуу хариуцлага ногдуулах гэж тус тус заажээ.